Хүн төрөлхтөнд хэдэн мянган жилээр гайхагдаж ирсэн Монголчуудын аугаа соёлын өв буюу монгол хөөмэй, уртын дуу, морин хуур хөгжмийг сүр хүчит рок хөгжимтэй хослуулан, Монгол рок урсгалыг бий болгож “Уухай” хамтлаг мэндэлж буйгаа зарлаж анхны уран бүтээлээ цахим орчинд цацаад байна.
Монголчуудын соёлын өв, оюуны бүтээлийг дэлхийд гайхуулж, экспортлох асар их боломж байгааг “Хү” хамтлаг бидэнд харуулж чадсан. Тэгвэл тэрхүү үүд хаалгаар дараагийн “Монгол рок” хэмээх брэндийг олон улсад гаргахаар зорьж буй “Уухай” хамтлаг “Хүн сүрэг” хэмээх анхны уран бүтээлээ түмэн олондоо хүргэлээ.
“Уухай” хамтлагийн шинээр гаргаж буй “Монгол рок” урсгалын үндсэн элемент нь хөөмий, хархираа зэрэг монголчуудын соёлын өвийг уртын дуу, морин хуур, товшуур, цуур, төмөр хуур, хэнгэрэг зэрэг хөгжмийн зэмсгийн дуугаралттай хослуулан орчин цагийн рок хөгжмийн зэмсэг, элементтэй уусган нэгтгэж энэхүү цоо шинэ урсгалыг бий болгон гаргаж байгаагаараа онцлог аж.
Ийнхүү Монгол Улсын Соёлын яам, Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр анхны уран бүтээлээ цацаж буй “Уухай” хамтлаг нь монголчуудын аугаа соёлын өв, монгол хүний оюуны бүтээл, чадамжийг дэлхийд сурталчлан таниулж, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний соёлын үнэт зүйлээ хайрладаг, бахархдаг, дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэн амьдрах чадвартай ирээдүй залуу үеийг төлөвшүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлж, дэлхийн сая сая иргэд, жуулчдад Монгол Улсаа сурталчлан таниулахыг зорьж байгаа аж.