Шадар сайд С.Амарсайханы ахалж буй Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт-импортын ачаа тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг цахимаар хуралдав.
Тус цахим хуралдаанд Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот суугаа ЕКГ, Эрээн хотод суугаа КГ, Гаалийн ерөнхий газар, Хилийн хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдах албан тушаалтнууд болон Замын-Үүд суманд ажиллаж буй Дэд ажлын хэсэг оролцов.
Хуралдааны үеэр Замын-Үүд авто замын боомтод хэрэгжиж буй экспорт- импортын ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл танилцуулсан бөгөөд Шадар сайд С.Амарсайхан авто замын боомтын чингэлэг тээврийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, тээврийн зардлын үнийн өсөлтийг хязгаарлах, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлагад даалгасан байна.
Замын-Үүд боомтод ажиллаж байгаа Дэд ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын-Үүд авто замын боомтоор хятадын талаас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүх төрлийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй 60 чингэлэг улсын хилээр нэвтрүүлж, тээвэр ложистикийн бүсэд байршуулсныг мэдээлж, цаашид импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хятадын талтай харилцан яриа хэлэлцээ явуулж буйгаа танилцуулав.
Түүнчлэн тэрээр Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Монголын талын гаалийн хяналтын бүс, ложистикийн төв хүртэл тээвэрлэсэн ачаатай чингэлгийг галт тэрэг, автомашинд сэлгэн ачиж, чингэлэг буцах нөхцөлтэйгээр тээвэрлэх тохиолдолд тээврийн зардал харьцангуй хямдарч буйг онцлов.
Шадар сайд С.Амарсайхан “Зам тээврийн яам, ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллага хамтран Ажлын хэсгийн үйл ажиллагаа, тухайн өдөр хилээр нэвтэрч, ачигдаж буй чингэлэг болон бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл, тээврийн зардлын үнэ өртгийн тухай товч, ойлгомжтой тодорхой мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраар дамжуулан олон нийтэд мэдээлж байхыг үүрэг болголоо.
Мөн иргэд, ААН-үүд үгсэн хуйвалдаж, үндэслэлгүй тээврийн зардлыг нэмж буй зохисгүй үйлдлийг хууль, хүчний холбогдох байгууллагууд шалгах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч ажиллахыг онцгойлон анхааруулав.