Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.01.19/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
–Өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх нийтийн хөл хорио тогтоож, хязгаарлалт хийх тухай мэдээлэл гарсан. Үүний талаар тайлбар өгөхгүй юү?
-Засгийн газар, УОК-оос иргэн, аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор өнгөрсөн хавраас хойш хөл хорио тогтоолгүй, бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Цаашид ч энэ зарчмаа баримтална. Өчигдөр УОК-ын ажлын хэсэгт ирүүлсэн саналыг батлагдсан мэт ташаа мэдээлэл гарсан байна. Хэдийгээр Омикрон хувилбарын тархалт өнгөрсөн долоо хоногийнхоос 4 дахин ихэссэн ч бид аль болох хөл хорио тогтоохгүйгээр хариу арга хэмжээг шуурхай авч ажиллана.
–Омикроны давалгаа улам ихсэх хандлагатай байна. Ямар ч тохиолдолд хөл хорио тогтоохгүй гэж ойлгож болох уу?
-Цаашид халдварын давлагаа оргилдоо хүрч, эрүүл мэндийн салбарын ачаалал хэрээс хэтэрсэн тохиолдолд хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Гэхдээ ийм байдалд хүрэхгүйн тулд ард иргэд, аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь зүйтэй. Удахгүй болох Сар шинийн баяраа аль болох гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг уриалъя.
–Сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах талаар яригдаж байна. Энэ асуудал эцэслэн шийдэгдсэн үү?
-Энэ сарын сүүлээс ирэх сарын эхэн хүртэл халдварын тохиолдол оргилдоо хүрнэ гэсэн судалгаа гарсан. Үүнтэй холбогдуулан ЭМЯ болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах, эсвэл хичээлийг 5/9-ийн зарчмаар хичээллүүлэх талаар санал гаргасан. Уг асуудлыг БШУ-ны сайд, Эрүүл мэндийн сайдтай дахин сайтар хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Ямар ч тохиолдолд бид хүүхдүүдийн хичээлийг хоцрогдуулахгүй байхаар шийдвэрлэнэ.
–Хил дээр гацсан чингэлгүүд одоог хүртэл нэвтэрч дуусаагүй байгаа. Хэзээ хэвийн үйл ажиллагаандаа орох вэ?
-Боомтын асуудлуудыг шийдвэрлэх, ялангуяа Замын-Үүд, Эрээний боомтын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Эрээн хотын талд 935 орчим чингэлэг байсныг өнгөрсөн өдрүүдэд 433-ыг татсан. Үлдсэн чингэлгийг ирэх долоо хоногт татаж дуусгах төлөвлөгөөтэй байна. Цаашид ачаа барааг галт тэргээр буюу төмөр замын өргөн царгиар татан авах талаар БНХАУ-тай хэлэлцэж байна. Уг асуудал шийдэгдвэл өдөрт 300-350 вагон ачаар бараа хилээр нэвтрэх боломжтой болох юм.
-Цагаан сараар Төрийн золголт болон бусад арга хэмжээг хийхгүй гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулах уу?
-Энэ жилийн Цагаан сарын баярыг аль болох гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байна. Харин Сар шинийн бөхийн барилдааныг халдвар хамгааллын өндөр түвшинд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.