Цагдаагийн байгууллагаас угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй ажил, арга хэмжээний талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн Эргүүл, хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Даваадоржтой товч ярилцлаа.
–Угаарын хийнд хордон амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага, мэдээлэл хэр бүртгэгдэж байна вэ? Ямар шалтгаан нөхцөлөөс болж иргэд угаартаж байна вэ?
-Хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой айл өрхүүд угаарын хийнд хордож, амь насаараа хохирох эрсдэл нэмэгддэг. Нийслэл хотод 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ахуйн хүрээнд иргэд угаартсан талаар нийт 256 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 828 иргэн өртөж хохирсноос 13 хүн нас барж, 815 хүн хөнгөн болон хүндэвтэр хэлбэрээр угаартан эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдсан.
Шалтгаан нөхцөлийн хувьд түүхий нүүрс хэрэглэсэн тохиолдол байхгүй хэдий ч гар хийцийн буюу энгийн зуухтай 152, ханан пийшинтэй 30, нам даралтын зуухтай 12, зуух, яндангийн битүүмж муугаас утаа гарсан 12, угаар мэдрэгчгүй 77, угаар мэдрэгчтэй боловч зай дууссан, эвдэрсэн 82, янданг сугалж, өрхөө бүтээсэн 4, яндангийн сойлт хаасан 35, янданг хөөлөөгүй 2 тохиолдол бүртгэгдлээ.
Галлагааны улирал эхлэх үеэс л бид сэрэмжлүүлэг, мэдээлэл иргэдэд хүргэж, энэ тал дээр хяналт тавьж ажилладаг. Өнгөрсөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллагаас авто тээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын 10 хяналтын цэгт цагдаагийн алба хаагчид, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын алба хаагчидтай хамтран 24 цагаар үүрэг гүйцэтгэж, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэх, сайжруулсан шахмал түлшийг гаргах үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, хураагдсан түүхий нүүрс, сайжруулсан түлшийг мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөх ажлыг одоог хүртэл зохион байгуулан ажилласаар байна.
Энэ хугацаанд цагдаагийн алба хаагчид 191922 тээврийн хэрэгсэл, 394965 зорчигчийг шалган нэвтрүүлж, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан 19, бүсээс гаргахыг завдсан 37 зөрчлийг илрүүлж, 38628 кг түүхий нүүрс, 904 шуудай сайжруулсан шахмал түлшийг Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж, “Амгалан” дулааны цахилгаан станцад хүлээлгэн өглөө.
–Цагдаагийн байгууллага угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна вэ?
-Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах чиглэлээр аян, арга хэмжээнүүдийг жил бүр шат дараатайгаар зохион байгуулж ирсэн. Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон харьяа дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүдээс галлагааны улирал эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Таван толгой түлш ХХК, хороодын Засаг даргын ажлын албадтай хамтран 2021 онд “Хяналт-1”, “Хяналт-3” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Мөн Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 142 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг тогтоох зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан хяналт, шалгалтыг энэ оны 01 дүгээр сарын 07, 08, 09-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа. Дээрх хяналт шалгалтуудын хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хороололд сайжруулсан түлш худалдаалах 552 цэг, 11205 гудамж, 291330 айл өрх, 1165320 иргэн, 1461 аж ахуйн нэгж, байгууллага, 1331 тээврийн хэрэгслийг шалгаж, иргэд угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, яриа танилцуулга хийх зэрэг нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулж, урьд оны буюу өнжмөл түүхий нүүрс хадгалсан 9, зориулалтын бус утаа үүсгэгч галлагаанд хэрэглэсэн 3, нийт 12 зөрчлийг илрүүлж, 21675 кг түүхий нүүрсийг хурааж, “Амгалан” дулааны станцад төвлөрүүлэх ажлыг Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран тус тус зохион байгууллаа.
Иргэд угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулах, зай нь дууссан бол аюулгүй байдлаа хангаж яаралтай солих шаардлагатай. Мөн яндангаа тогтмол хөөлөх, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшиж, галлагааны үед зөв галлах зааварчилгааг баримталснаар таны болон гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учиртайг анхаарах хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.