Дархан-Уул аймаг явах зам дагуу Говь амралтаас цааш, 52 давааны наана замын урд талд 6 кмт байрладаг “Эх булаг” амралт сувиллын бариа засалч эмч Д.Сосорбарамтай ярилцсанаа та бүхэнд хүргэе.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
– Сайн байцгаана уу, намайг Дашнямын Сосорбарам гэдэг. Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн. Төрөлхийн хараагүй, 100 хувь харааны бэрхшээлтэй. Хоёр настайдаа ээжийгээ, дөрвөн настайдаа аавыгаа алдсан. Ингээд бүтэн өнчин болж, харж хандах хүнгүй болсон учраас нийслэлд ирж асрамжийн газар хүмүүжсэн. Тусгай 29 дүгээр сургуульд суралцаж төгсөөд амьдралын шаардлагаар бариач мэргэжлээр суралцсан. Багадаа СУИС-д суралцаж дуучин болох мөрөөдөлтэй байсан ч амьдралын эрхээр сурч чадалгүй, хараагүй хүнд илүү боломж олгодог ажлын байр олддог болохоор нь бариа засалч мэргэжлийг эзэмшсэн.
– Таныг ӨМӨЗО-ны Хөх хотод очиж бариа заслын мэргэжил эзэмшсэн гэж сонссон.
– Тэгсэн, Монголдoo уламжлалт бариа заслын дамжаанд суралцаад Хөх хотод Сэргээн засах үндэсний төвд цэгэн бариа заслын чиглэлээр суралцаж ирээд, 2012 оноос хойш бариа засалч мэргэжлээр ажиллаж байна.
– Цэгэн бариа заслын онцлог юу вэ?
– Цэгэн бариа бол тухайн хүний өвчнийг анагаахдаа дорнын анагаах ухаанд заасан хүний биеийн тодорхой цэгүүд дээр дарж, цочроож, судасны бөглөрлийг суллан анагаана гэсэн үг. Эмгүйгээр олон төрлийн өвчнийг цэгэн бариа заслаар анагаах боломжтой.
– Хүний өвчнийг илааршуулахын тулд хэдэн удаа барих шаардлагатай бэ?
– Тухайн хүний өвчлөлийн байдлаас хамаарна, багадаа 3 удаа, ихдээ 7-9 удаа бариулахад тухайн өвчнийг эдгээх, хэвийн байдалд оруулах боломж бүрдэнэ. Тархи хөдөлснөөс эхлээд ууц нуруу татах, бүсэлхий хавиар өвдөх, хоолны дуршил шингээлтийг сайжруулах, зүрх судасны болон мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах гээд олон өвчнийг дан бариа заслаар эдгээж болно.
– Та 10 жил бариа засалчаар ажиллажээ. Энэ хугацаанд цөөнгүй газар ажиллаж байсан байх. Хараагүй хүний хувьд ямар бэрхшээл тулгардаг байв. Брайль үсгээр хэвлэсэн ном ховор, гадуур харгалзах хүнгүй явах боломжгүй гээд тоочвол олох бэрхшээлийг дурдаж болно биз
– Ерөнхийдөө тусгай сургуульд суралцаж байхдаа багшийнхаа лекцийг Брайль үсэг тэмдэглэнэ. Хараагүй хүмүүсийн хэрэглэдэг Books-ээр хичээлээ аудио байдлаар хадгалж аваад дараа нь сонсож хичээлээ ойлгоно. Хүн өөрөө хичээвэл ямар ч бэрхшээлтэй тулгарсан тэр зүйлдээ суралцаж, мэргэшиж чадна гэж боддог. Хараагүй гэдгээрээ бусдыг царайчилж амьдрах ёсгүй гэж өөртөө хэлж хичээдэг.
– Таныг бариа засалчаар ажиллаж байгаа хугацаанд Монголчуудын дунд хамгийн нийтлэг илэрч байгаа ямар эмгэг өвчлөл зонхилж байна вэ? Иргэд эдгээр өвчнөөс сэргийлэхийн тулд юунд анхаарах ёстой вэ?
– Бариа засал бол эмгүй эмчилгээ. Хүний бие дэх хорыг гадагшлуулж, чангарсан булчинг суллаж, дорнын анагаах ухаанд заасан хүний биеийг эмчлэх цэгүүд дээр дарж эмчилдэг. Манайхны дунд хамгийн их зонхилж байгаа нь амьдралын хэвшлээсээ болоод алхаж явах нь багасаж, байнга машин унаа хэрэглэж, оффисын сандалд олон цаг суудаг болсноос хамаараад жин нэмсэн, нуруунд суулт, мурийлт, хазайлт үүссэн, яс шохойжих зэрэг хандлагатай өвчтөнүүд их ирж байна. Эдгээр өвчнийг хүндрэхээс нь өмнө бариа засалчид хандан эмчлүүлэх хэрэгтэй. Яагаад мэргэжлийн бариа засалчид хандах ёстой вэ гэвэл чадах мэдэхгүй бариа засал гэх хүмүүст хандаад бүр өвчнөө сэдрээсэн тохиолдол иргэдийн дунд гардаг учраас л мэргэжлийн хүнд хандах нь зүйтэй гэж байгаа юм.
– Олон жил бариа засал хийсэн хүний хувьд таниар бариулаад өвчнөөсөө эдгэж илааршсан хүмүүс байна биз.
– Байлгүй яах вэ, зөндөө зөндөө. Жишээ нь нурууны өвчнөөсөө болж хөлний бэрхшээлтэй болсон, саажилт мэдрэлийн гаралтай яриа хэлний бэрхшээл тулгарсан, нуруу нугасны өвчлөлтэй хүүхэд, залуус, ахмад настуудыг олныг эмчлэн эдгээж байсан. Эдгээр хүмүүсээс талархлын үг сонсоод ажлын үр дүнгээрээ бахархаж явдаг даа.
– Бариа засал хийх явцдаа янз бүрийн олон хүнд эмчилгээ хийсэн байх. Таныг хараагүй гэдгээр нь дор барьж төлбөр мөнгө өгөхгүй байх, эсвэл хуурч залилах тохиолдол гарч байсан уу?
– Уулын мод урттай богинотой гэгчээр олон түмэн дунд ганц нэг тийм хүмүүс гардаг. Бүгд тийм биш болохоор энэ талын асуудал гайгүй ээ. Зууны 98 хувь нь хараагүй хүн гэдгээр нь хүндэлж, чин сэтгэлээсээ ханддаг даа.
– Ковидын дараах эмчилгээ, сувиллыг танай “Эх булаг” сувилал хүлээн авдаг юм байна. Голдуу ямар зовиур өвчлөлтэй хүмүүс ирж байна вэ?
-Ковид тусаад эдгэснээс хойш толгой их өвддөг боллоо, нойронд муудлаа, бие амархан сульдаж, үе мөчөөр янгинан өвддөг боллоо гэсэн хүмүүс их ирж байна. Ийм хүмүүсийг толгой хүзүүний болон бүтэн биений барианд оруулж, уушгийг зөгийн балтай татлагаар эмчилж байна. Ковид тусаад эдгэсэн хүмүүс юуны өмнө агаартай газар байх нь чухал. Мөн хөдөө гарч модтой газрын цэвэр агаараар багадаа 7-10 хоног амьсгалах хэрэгтэй. Өвчтөний судсыг барихад андашгүй дээ. Уушгиндаа өөрчлөлттэй байна уу, эмчлэх шаардлагатай эсэх нь мэдэгдэнэ. Тэрний дараа өвчтөнтэйгөө зөвлөлдөн боломжтой эмчилгээг санал болгодог доо.
Манай “Эх булаг” сувилал ковидоор өвдсөний дараах эмчилгээг сувилалдаа хүлээн авч, иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Физик эмчилгээ, бариа заслын эмчилгээ үйлчилгээ үзүүлж, өдрийн 6 төрлийн сувиллын хоолоор үйлчилж байна.
– Танай сувилалд хүмүүс тасралтгүй ирэх юм. Таны ажлын ачаалал хэр байна вэ, өдөрт хэдэн хүнд бариа засал хийж байна вэ?
– Манай сувиллыг хүмүүс мэддэг болсон байнгын үйлчлүүлэгчид байдаг даа. Өдөрт янз бүрийн насны 40 гаруй хүнд бариа засал хийж байна.
– Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн нийгмийн халамж үйлчилгээний бодлогын хувьд ний нуугүй хэлэхэд хэцүүхэн байгаа. Харааны бэрхшээлтэй таны хувьд нийгмийн харилцаанд ороход тулгардаг бэрхшээлүүд юу байна вэ?
– Бэрхшээл гарна. Бэрхшээлтэй байна гээд бүхнийг буруутгаад, өөрийгөө голж, хойш суух шаардлагагүй гэж боддог. Би төр засгаас халамжийн мөнгө хүлээж, халамжийн мөнгө хэзээ буух бол гэсэн гэж горьдож суухыг хүсдэггүй. Миний хувьд хэдийгээр 100 хувь харааны бэрхшээлтэй ч гэлээ аль болох эрүүл хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж хөдөлмөрлөхийг эрмэлздэг. Хөдөлмөрлөөд цалин хөлсөө аваад ажиллахыг хүсдэг.
– Чөлөөт цаг гэж танд гардаг уу?
– Чөлөөт цаг бага гардагч цаг гарвал дуулах, төгөлдөр хуур дарах хөгжимдөх дуртай. Мөн АНУ руу явж тэнд ажиллаж амьдардаг Монголчууддаа бариа заслын үйлчилгээ үзүүлэх юмсан гэж боддог. Надаар эмчлүүлсэн нэг үйлчлүүлэгч маань намайг АНУ-д хүрээд ирвэл хүлээж авна гэсэн юм. Бас манай Говь-Алтай аймгийн Анагаах ухааны сургуулиас намайг тус сургуулийн уламжлалт эмчилгээний бакалаврын ангид суралцах урилга ирүүлсэн. Очиж суралцах хүсэлтэй байгаа ч хэрхэн очих, яаж төвхнөх, хэрхэн суралцах вэ гээд асуудал их байна.
– Залуу хүний хувьд гэр бүл зохиож, айл гэр төвхнүүлээд амьдрах хүсэл байдаг байх
– Мэдээж байна, би гэр бүл зохиовол энэ эрхэлсэн мэргэжил ажлаараа гэр бүлээ тэжээх мөнгөө хангалттай олоод байх боломжтой. Гол нь ирээдүйн хань болох бүсгүй минь намайг харааны бэрхшээлтэй гэдгээр нь далимдуулан залилан мэхэлдэггүй, араар тавьдаггүй, хоёр биенийхээ төлөө, амьдралынхаа чин сэтгэлээсээ зүтгэх хүн байгаасай гэж боддог. Үр хүүхэдтэй болвол түүнийгээ нийгэмд хэрэгтэй, эрдэм номтой сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлэхийн төлөө хичээнэ.
– Та иргэд олон нийтэд хандан эрүүл мэнддээ юуг анхаарах ёстой талаар ямар зөвлөгөө хэлэх вэ?
– Хүмүүс ажил амьдралын онцлогоосоо болоод хөдөлгөөний хомстолд их орж байна, явган алхахгүй, байнга машин унаа хэрэглэж, биеийн тамир дасгал хөдөлгөөн хийхгүй байгаа нь таргалалт, түүнд суурилсан өвчлөл олох нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс өөртөө цаг зав гаргаж, фитнесст явж, спорт, биеийн тамираар хичээллэн бие махбодио чийрэгжүүлэх нь зүйтэй. Мөн зөв хооллолтод анхаарах цаг болсон. Хэт их идэх, архи пиво хэтрүүлэн хэрэглэх зэрэг буруу дуршилд автах нь хүний биед өвчин эмгэг үүсэх шалтгаан болж байна. Бие эрүүл, ухаан саруул хүн ажил хөдөлмөр амжилттай эрхэлж, юуг ч хийж бүтээх боломжтой учраас хүн бүр өөртөө анхаарах нь чухал гэж боддог. Биеэ үл хайхран хөдөлмөрлөж олсон мөнгөө эргээд биеэ эмчлүүлэхэд зарцуулаад дуусдаг жишээ олон гардаг.
– Та энэ ярилцлагаар дамжуулан төр засаг, нийгмийн хамгааллын яам, иргэд олон нийтэд хандан юу хэлэх вэ?
– Төр засаг маань халамжийн бодлого явуулахаас илүү иргэдэд ажлын байр гаргаж өгөөсэй, хөдөлмөрийн хуульд заасны дагуу 25-аас дээш ажилтантай албан байгууллага бүр хуулиа хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулдаг байгаасай гэж хүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрөөс халамж хүсэх биш өөрт таарсан ажил мэргэжлийнхээ хүрээнд хамт олонтой болж ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байдаг юм шүү гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хэлэх байна. Тэгээд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог халамжийн мөнгө ар гэртэй хүнд хаана ч хүрэлцэхгүй учраас тэдэнд өөрт нь таарсан ажил эрхлэх нөхцөлийг бий болгож өгөх нь хамгийн чухал юм.
– Таны хувьд “Эх булаг” сувилалд хэзээнээс ажиллаж эхэлсэн вэ, ажлын нөхцөл орчин ямар байна вэ?
– Миний хувьд “Эх булаг” сувилалд ажиллаад жил болох гэж байна. Манай хамт олон намайг ойлгож, үргэлж дэмждэгт талархаж явдгаа энэ ташрамд илэрхийлье. Эндээ үнэ төлбөргүй амьдарч, үнэгүй хооллож, дээр нь цалингаа авч хуримтлуулж байгаа. Байгууллагадаа тогтвортой ажиллах юм бол жижиг байшин барьж өгч болно гэж манай сувиллын удирдлагууд надад хэлсэнд би маш их баяртай байгаа.
– Танай сувиллын удирдлагуудад таны өмнөөс талархал илэрхийлье. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
Жич: Уншигч та бариа засалч Д.Сосорбарамтай холбогдохыг хүсвэл Дархан хот явах төв зам дагуу, Улаанбаатар хотын 0 цэгээс 44 км яваад урагшаа эргээд шороон замаар салж 6 км газар зайд байрладаг “ЭХ БУЛАГ” Эх хүүхдийн амралт, сувиллын 8870 8273 дугаарт холбогдож лавлана уу.
Сувиллын цахим хуудас: https://www.facebook.com/ekhbulag.suvilal