Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Бүгд Найрамдах Итали Улсын иргэн, антропологич, Монгол судлаач Давиде Беллаталлаг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.
Давиде Беллаталла нь 1992 оноос эхлэн антропологийн чиглэлээр Агийн Буриад, Баян-Өлгий аймгийн Урианхай ястны судалгаа хийж, олон сонирхолтой өгүүлэл, бүтээлүүд туурвиж, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахын зэрэгцээ Монголын Улаан Загалмай Нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагатай хамтран 20 гаруй жил хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.
Тэрээр Монгол ахуй, уламжлал, шашин шүтлэг, зан заншлыг харуулсан “Монголын буриадуудын бөө мөргөл”, “Цаатан”, “Үүл дагагчдын нутагт”, “Их аялал-Торгоны зам” зэрэг бүтээлийг туурвиж, олны хүртээл болгосон бөгөөд Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа судалгааны ажлаа үргэлжлүүлэн, Монгол өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулахын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.