Оюутан цэргийн бүртгэлийг “e-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Батлан хамгаалахын яамтай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр БШУЯ-ны Цахим бодлого статистикийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа хэлэхдээ “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлтэй холбоотойгоор бүх их, дээд сургуулийн оюутнуудын суралцаж буй сургуулийн мэдээлэл, оюутны сурлагын голч дүн зэрэг мэдээллийг цахимжуулах ажлыг Боловсролын мэдээллийн технологийн төв хийж, гүйцэтгэлээ.
БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж: Батлан хамгаалах яамнаас “Цахим Үндэстэн” зорилтын хүрээнд өнөөдөр хоёр дахь үйлчилгээгээ цахимжуулж байна. “Цэргийн бүртгэл”-ийг бид “e-Mongolia” платформоор бүртгэлийн ажлыг зохион байгуулсан. Энэ бүртгэл маань амжилттай болсон тул өнөөдрөөс бид оюутан цэрэг сургалтын бүртгэлийг “e-Mongolia” платформоор хийхээр боллоо.
Та бүхний мэдэж байгаачлан, Оюутан цэрэг сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан сургуулийнхаа сургалтын албанаас тодорхойлолт болон голч дүнгээ баталгаажуулсан бичиг авдаг байсан. Ингээд хоёроос гурван бичиг баримт бүрдүүлэн дүүргийн цэргийн штаб дээр очиж, бүртгэлээ хийлгэдэг байсан. Тэгвэл ирэх гуравдугаар сарын 01-ээс эхлэн оюутан “e-Mongolia”-д хандаад шууд бүртгэлээ хийлгэх боломжтой болсон.
“e-Mongolia”-д бүртгүүлсэн оюутны мэдээлэл болох магадлан итгэмжлэгдсэн сургуульд сурч байгаа эсэх, 1-р курсийн оюутан мөн эсэх, голч оноо нь 2.8 -д хүрч байгаа эсэхийг Боловсролын мэдээллийн технологийн төвийнхөн цахимаар хянаж, шалгаад тухайн оюутныг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой эсэхийг 5 минутын дотор цахимаар шийдвэрлэх боломжтой.
Оюутан цэрэг сургалтад жилдээ 5000-7000 хамрагдах хүсэлт ирдэг. Гэхдээ бид батлагдсан төсвийнхөө хүрээнд хүүхдүүдээ шалгаруулж авдаг. Хоёрдугаарт, цар тахалтай холбоотойгоор тус хөтөлбөр хоёр жил завсардсан.
Үүнтэй холбоотойгоор 2 болон 3 дугаар курст суралцаж буй оюутан хамрагдах боломжгүй байгаа. Энэ жил ойролцоогоор 300 оюутан элсүүлэхээр төлөвлөж байна. Тус хөтөлбөр нь 2014, 2015 онд хөтөлбөр гэж явж байсан бол 2016 онд цэргийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, шинэ хууль батлагдсантай холбоотой Оюутан цэрэг хөтөлбөр цэргийн албаны нэг хэлбэр болж, оюутан цэрэг сургалтад хамрагдсан оюутан дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдээд явдаг болчихсон. Үүнээс хойш буюу 2016 оноос эхлэн бид батлагдсан төсөвтөө тааруулан оюутан сонгон шалгаруулж авдаг болсон.
Ингээд нийт дүнгээрээ 5000 оюутан тус хөтөлбөрийг дүүргэж, цэргийн алба хаасан гэсэн үг”гэсэн юм.