Чөлөөт бөхийн тамирчид зургаан медаль хүртлээ

Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит бөхийн төрлүүдийн олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 24-27-нд Туркийн Стамбул хотод боллоо. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92 кг-ын жингийн барилдаан болов. Стамбулын дэвжээнээс манай бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг, нийт зургаан медаль хүртэв.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд алт, 57 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа мөнгө, 53 кг-д ОУХМ Бат-Очирын Болортуяа алт, эрэгтэйчүүдийн 125 кг-д ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Долгоржавын Отгонжаргал хүрэл медаль хүртсэн.

Тэгвэл сүүлийн өдөр 74 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Занданбудын Сумъяабазар хүрэл медаль хүртэв. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Ираны бөх Мохаммадсадех Фуризпурбанпейтэй барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй.

57 кг-д ОУХМ З.Занабазар Энэтхэгийн Аманд 5:10-аар, 65 кг-д ОУХМ Т.Тулга Узбекистаны Умижон Жалаловт 4:4-өөр хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдав.


Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …