Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Ариунгэрэлтэй “Зам тээврийн осол, хүүхдийн аюулгүй байдал” сэдвийн хүрээнд ярилцлаа.
Цагдаагийн байгууллагаас хүүхдийг осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийг замын хөдөлгөөний дүрмээ баримталж хэвшүүлэх, зөв дадал суулгах тал дээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Орон нутгийн зам”, “Хөдөлгөөний соёл”, “Ирээдүйгээ хамгаалъя”, “Нэмэгдэл”, ”Хамгаалах бүс”, “Хамгаалах суудал”, “Хүүхдийн аюулгүй байдлын төлөө хамтдаа” зэрэг олон арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдтэй хамтран үе шаттай зохион байгуулдаг. Үүний нэг жишээ “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжээд нэлээд хэдэн жил өнгөрлөө. Сургууль цэцэрлэгийн орчинд эцэг эхчүүдтэй хамтран ажилласны үр дүнд сургууль, цэцэрлэгийн орчинд үйлдэгдэх зам тээврийн осол харьцангуй бууралттай байгаа. Хичээл эхэлснээс хойш сургууль, цэцэрлэгийн орчинд зам тээврийн осол бүртгэгдээгүй байна гэдэг бол эцэг эхийн хамтын ажиллагаа сайн байгаагийнх юм.
Одоогоор “Шар дарцаг”, “Гэрлээр анхааруулъя” аяныг эхлүүлээд байна. Замын хөдөлгөөний дүрэмд заасан Явган зорчигчид зөвлөмжийн үүрэг байдаг. Энэ нь юу вэ гэхээр үзэгдэх орчин муу, шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцохдоо өөрт байгаа гэрэлтүүлэх хэрэгсэл, тухайлбал гар утасны гэрэл гэх мэт зүйлийг ашиглан ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочид анхааруулах дохиог өгч зам гарах шаардлагатай байдаг.үүний хэрэгжилтийг хангуулахаар дээрх хоёр арга хэмжээг зохион байгуулж байна.
Өнгөрсөн онд хичээл сургалт цахимаар явагдаж хүүхэд замын хөдөлгөөнд бага оролцсон. Өнгөрсөн онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг өгнө үү.
Хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэргийн гарах шалтгаан нь замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, явганаар болон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох журам, холбогдох стандартын хэрэгжилт хангалтгүй байдлаас болж байна.
Өнгөрсөн онд нийт үйлдэгдсэн зам тээврийн гэмт хэрэг, ослоос хүүхэд өртсөн осол 463 бүртгэгдэж, ослын улмаас 51 хүүхдийн амь нас хохирч, 485 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан байна. Осол, хэргийн шалтгаан нөхцөл, хэлбэрээр нь авч үзвэл хүүхдийн амь нас хохирсон зам тээврийн осол, хэргийн 39 нь орон нутагт, 11 нь нийслэлд гарсан байна. Осолд өртсөн хүүхдийн замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч хэлбэрээр 16 хүүхэд буюу нийт ослын 32 хувь, гэр хорооллын зам, талбай, хашаа, хот айлын гадна тээврийн хэрэгсэл ухрах үед 8 хүүхэд буюу ослын 16 хувь, улсын болон орон нутгийн чанартай авто зам, аймаг, сумдын хайрган болон шороон замд автомашин, мотоцикл онхолдох үед зорчигч хэлбэрээр 17 хүүхэд буюу ослын 26 хувь, тээврийн хэрэгсэл үл хөдлөх зүйл мөргөх үед 3 хүүхэд буюу ослын 6 хувь, ачааны автомашины тэвш дээрээс унасан 1 хүүхэд буюу ослын 2 хувь, тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед 5 хүүхэд буюу ослын 8 хувь, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ осолд өртсөн 1 хүүхэд буюу 2 хувийг тус тус эзэлсэн байна.
Осол өртсөн хүүхдүүдийг насны байдал, хүйсээр нь авч үзвэл 0-7 настай хүүхэд 32, 8-14 настай 14, 15-17 настай 5 хүүхэд байна. Мөн осолд өртсөн хүүхдийн 34 эрэгтэй 17 эмэгтэй хүүхэд байна.
Хүүхдийн зам тээврийн осолд өртөөд буй шалтгаан нь юу байна вэ? Эцэг эхчүүд хараа хяналтгүй хүүхдээ ганцааранг нь хичээл, сургуульд нь явуулж байна уу? эсвэл үзэгдэх орчин муугаас болж осолд өртөөд байна уу?
Ер нь эцэг эхийн хараа, хяналт муугаас болж хүүхэд зам тээврийн осолд өртдөг гэсэн судалгаа бий. Үүнээс гадна жолооч тээврийн хэрэгслээр хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаж, тээврийн хэрэгслээ тойрч биечлэн шалгах үүрэгтэй байдаг. Энэ үүргээ биелүүлээгүйгээс гэр хорооллын гудамж, талбай болон хашаан дотроо бага насны хүүхдүүд тоглож байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлэн амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. 2020 онд 15 хүүхэд энэ байдлаар хашаандаа тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. 2021 онд 8 хүүхэд амь насаа алдсан байна. Он гарснаас нэг сарын байдлаар 2 хүүхэд хашаандаа тоглож байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлэн амь насаа алдсан байна. Энэ нь эцэг эхийн хараа, хяналт байхгүй, тухайн жолооч замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүйгээс шалтгаалан хүүхэд хохирсон байна.
Мөн 10 хүртэлх насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн дүрмийн заалт хэрэгжихгүйгээс болж хүүхэд осолд өртөж байна.
Мөн орон нутгийн замд хүүхдүүд тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зам тээврийн осолд өртөж, хохирох тохиолдол байна. Энэ нь мөн л жолооч болон эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж гарч байна. Замын хөдөлгөөний дүрэмд ганцхан тохиолдолд л хүүхдээ өвөр дээрээ авч арын суудалд суухыг зөвшөөрдөг. Энэ нь зориулалтын такси үйлчилгээнд явдаг тээврийн хэрэгслээр зорчихдоо л арын суудалд хүүхдээ авч сууна гэж заасан байдаг. Бусад тохиолдол буюу хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа тохиолдолд заавал хүүхдийн биеийн хэмжээ, өндрөөс шалтгаалан нэмэлт суудал дээр арын суудалд суулгаж, хамгаалах бүсийг бүслүүлэх ёстой байдаг. Энэ бүгдийг хэрэглэж хэвшээгүйгээс хүүхдүүд зам тээврийн осолд маш их өртөж байна. Ялангуяа орон нутгийн замд ээж, аав, асран хамгаалагчид нь урд талын суудалд өвөр дээрээ хүүхдийг суулгаж тээвэрлэдэг. Энэ нь өөрийн буруугаас биш ч бусад хэн нэгэн жолоочийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осолд өртлөө гэхэд тухайн хүүхэд урд шилэнд цохигдох, цаашлаад цонхоор шидэгдэх аюултай эрсдэл гардаг. Үүнд эцэг эхчүүд анхаарч зориулалтын суудалд хүүхдийг суулгаж, хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвшээрэй гэж уриалж байна.
Эцэг эхчүүд болон хүүхдүүд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах вэ?
Эцэг эхчүүд хүүхдэдээ замын хөдөлгөөнд оролцохдоо ногоон гэрлээр, гарцтай газраар гарч бай гэж зааж зөвлөдөг ч хэдий зам тээврийн осолд өртлөө гэхэд хаана хандаж, ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг анхан шатны мэдлэг, мэдээллийг тэр бүр өгдөггүй. Үүнээс үүдэн цагдаагийн байгууллагад орой 18, 20 цагаас хойш эцэг эхчүүд өдөр явж байгаад машинд мөргүүлсэн байна гэж хүүхдүүдээ дагуулж их ирдэг. Тухайн үедээ хаана хандаж, хэнд хэлэхээ мэдэхгүй хүрээд ирсэн байна гэх зэргээр их ханддаг. Энэ нь цагдаагийн байгууллагаас хэргийг шуурхай илрүүлэхэд хүндрэл учруулж, хугацаа алдахад хүргэдэг. Хүүхдүүд автомашинд мөргүүлсэн үедээ эцэг эхдээ хэлэхээс айж, тухайн үед биед нь ил шарх сорви байхгүй бол гүйгээд явчихдаг гэх мэт зүйлээс болж өөрийн эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй бий. Тиймээс эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид энэ талаар сурагчдадаа хэлж анхааруулж байгаарай гэж зөвлөж байна.
Ярилцсанд баярлалаа.