“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл цахимаар явагдана

Батлан хамгаалах яамнаас “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийг цахимжуулж, энэ жилээс эхлэн “e-mongolia” системээр бүртгэж буй. Бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт, хариултыг хүргэж байна.

– “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл хэдэн хүртэл үргэлжлэх вэ?

– “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл 2022 оны 03 дугаар сарын 01-ээс 2022 оны 03 дугаар сарын 10 хүртэл “e-mongolia” системээр явагдаж буй. Иймд оюутнууд 03 дугаар сарын 10-аас өмнө амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна.

– Тус сургалтад хамрагдах хүсэлтээ оюутнуудад ямар шалгуур тавьж байгаа вэ?

– Сургалтад хамрагдах хүсэлтээ оюутнуудад тавигдах шалгуур гэж бий. Тодруулбал,

  • Тухайн оюутны суралцаж буй сургууль нь магадлан итгэмжлэгдсэн байх,
  • 2021-2022 оны хичээлийн жилд шинээр элссэн байх,
  • Бакалаврын өдрийн ангийн 1-р курсийн оюутан байх,
  • 2022 оны 06 дугаар сарын 15 гэхэд 18 нас хүрсэн байх
  • 1 дүгээр улирлын голч оноо 2.8 -аас дээш байх гэсэн шалгуур тавигдаж буй.

– Гол шалгуурыг хангасан хэр нь “e-mongolia” систем дээр хүсэлт илгээх гэхээр боловсролын салбарын мэдээллийн сангаас шалгуур хангасан мэдээлэл олдсонгүй гэсэн мэдээлэл ирж байна. Үүнд тайлбар өгөөч?

– Хэрвээ ийм мэдэгдэл ирж байгаа бол тухайн оюутан сургуулийнхаа сургалтын албанд хандаж, өргөдөл, гомдлоо гаргаарай гэж зөвлөх байна. Учир нь тухайн сургууль нь оюутнуудын мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн санд оруулж байгаа. Тус мэдээллийн дагуу “e-mongolia” оюутнуудын хүсэлтийг хүлээж авч байгаа гэсэн үг. Хэрвээ боловсролын мэдээллийн санд тухайн оюутны мэдээлэл ороогүй бол энэ удаагийн “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах боломжгүй.

– “e-mongolia” системд бүртгүүлсэн хүсэлт хэзээ баталгаажих вэ?

– “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл 2022 оны 03 дугаар сарын 10 хүртэл явагдана. Бүртгэл дууссаны дараа Батлан хамгаалах яамнаас хүсэлтүүдийг шалгаж, баталгаажуулна.

– Хүсэлт нь баталгаажсан оюутнууд  “Оюутан цэрэг” сургалтад хамрагдана гэж ойлгож болох уу?

– Тэгж ойлгож болохгүй ээ. Батлан хамгаалах яамнаас “e-mongolia” системд бүртгүүлсэн хүүхдүүдийн хүсэлтийг баталгаажуулна. Үүний дараа оюутнуудыг харьяа дүүргийн цэргийн штаб дээр нь дуудаж, бие бялдарын шалгалт авна. Тус шалгалтад тэнцсэн хүүхдүүд “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах боломжтой гэсэн үг.

– “e-mongolia” системд хэрхэн нэвтэрч орох вэ? Оюутнуудын хувьд энэ их түгээмэл асуудал болж байх шиг байна?

– “e-mongolia” системд нэг удаагийн код, банкны эрх, тоон гарын үсэг гэсэн гурван сонголтоор нэвтэрнэ. Нэг удаагийн кодоор нэвтрэхийн тулд тухайн оюутаны утасны дугаар нь өөрийнх нь нэр дээр байх шаардлагатай. Хэрвээ гар утасны дугаар нь өөрийнх нь нэр дээр байхгүй бол интернэт банкны эрхээрээ нэвтрэх боломжтой. Нэг удаадаа дээрх аргаар нэвтэрсэн тохиолдолд цаашид пин код эсвэл QR кодоор хялбар нэвтрээд үйлчилгээ авах боломжтой.

Хэрвээ оюутнууд “Оюутан цэрэг” үйлчилгээг авахад хүндрэлтэй тулгарч байвал Төв шуудангийн 1 давхарт байрлаж буй “e-mongolia” төвийн операторуудаас тусламж авах боломжтой. Эсвэл 1111 лавлах утсанд холбогдоод тусламж авах боломжтой.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …