Нийслэлийн Баянгол дүүргийн төр, хувийн хэвшлийн ААН, албан байгууллагын төлөөлөл 150 гаруй хүн цуглаж Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр нэгдсэн зөвлөгөөнд оролцлоо.
Энэхүү зөвлөгөөнийг дүүргийн ИТХ, ГХЗУСАЗСЗ-өөс санаачлан, Каритас Монгол ТББ-тай хамтран зохион байгуулсан юм.
БГД-ийн ИТХ-ын дарга бөгөөд ГХЗУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудал чимээгүй өнгөрч боломгүй сэдэв болсон. 2018 оны Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 3-р тогтоолоор “Байгууллага бүр дэргэдээ эцэг эхийн зөвлөл байгуулах” чиг үүрэг гарч, албан байгууллагуудад уриалж эхэлсэн. Энэхүү чиглэлийн дагуу дүүргийн ГХЗУСАЗСЗ-ийн даргын хувьдхүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үр нөлөөг сайжруулахад эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг сайжруулах, хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх чиглэлүүдээр дэмжин тусалж ажиллахад анхаарч байна.
Монгол улсын төр захиргааны нэгж бүр дээр хэрэгжиж эхэлж буй энэхүү ажлыг та бид хамтдаа хэрэгжүүлж, хөгжүүлж, төгөлдөржүүлэх, байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлөө байгуулж, эцэг эхчүүд тухайн зөвлөлд оролцоо хандлагаа нэгтгэн, өөр өөрсдөдөө тулгамдаж буй асуудлуудаа эрэмбэлэн, зөвлөлүүдээрээ дамжуулж шийдвэрлүүлэх, түүнд саналаа өгөх, энэхүү үйл ажиллагаанд зориулсан төсөв санхүү, орчин нөхцөлийг бүрдүүлэх үүргийг байгууллага бүрийн удирдлагууд хүлээсэн байгааг дуулгаж байна.
Хүүхэд хамгааллын асуудал, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад иргэн бүрийн оролцоо нэн чухал” хэмээн онцолсон юм.
Хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр Гэр бүл судлаачид илтгэл мэдээлэл танилцуулж, “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”-ууд, “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, эцэг эхийн зөвлөлүүдтэй хамтран ажиллах боломж” сэдвүүдийн хүрээнд дүүргийн холбогдох хэлтэс, нэгжүүдээс мэдээлэл хийлээ.
Оролцогч талуудын хамтын ажиллагаа, оролцоо, шийдвэр гаргах түвшинд саналаа хүргүүлэх боломжууд нээлттэй зохион байгуулагдсан ба 150 гаруй төлөөллөөс бичгээр болон, хэлэлцүүлгээр санал авсан.
Зөвлөгөөнийг зохион байгуулснаар Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын дарга, ХНХЯ-ны зүгээс Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхэд хамгааллын орчныг сайжруулах, хохирогчдын эрх ашгийг нэн тэргүүнд тавих чиглэлүүдээр шат дараатай үйл ажиллагааг зохион байгуулж буйг өргөжүүлэх, үр дүнд хүрэх зорилготой.
Дүүрэг орон нутгийн нэгж бүрт ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ байгуулан, өрх гэртээ, ажиллах орчиндоо ч хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд хүн бүрийн оролцоог хангах, нэгдсэн ойлголттой болох, тэгш боломжуудыг хүртээх зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бодлого арга зүйгээр хангах, хамтран ажиллах, үр дүнд хүрэх суурийг ийнхүү тавилаа.