МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатартай ярилцлаа.
-МАН цахим нам болох зорилт дэвшүүлснээр гишүүдийн, оролцоо өргөжсөн үү?
-Бид бүх гишүүдийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулж дууссан. Цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг тухайн намын анхан шатны байгууллага нь хийдэг. Шинээр элсэх гишүүд цахимаар ч элсэж болно. Өмнөх уламжлалаар харьяа намын хороондоо хандан элсэх нь нээлттэй. Цахим нам хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гишүүддээ илүү ойртож ажиллана. “Гишүүн төвтэй нам болно” гэж зорьсон. Намын гишүүдэд зориулсан гар утасны аппликэйшнээр мэдээлэл өгч, саналыг нь сонсдог. Намын удирдлагуудтай шууд харилцах боломжийг бүрдүүлэх үүднээс МАН-ын дэргэд Мэдээлэл үйлчилгээний “Call center”, Иргэдийг хүлээн авах төвийг байгуулан ажиллаж байна. Цар тахлын үеийн хоёр жилийн хугацаанд цахим системүүдээ хөгжүүлэхээр ажиллалаа. МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга гээд бүх удирдлага сум, баг, хорооны дарга нартай цахимаар хурлаа хийж, саналаа солилцох боломжийг бүрдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд дээд тал нь 3700 орчим намын анхан шатны байгууллагын удирдлагуудын цахим хурлыг нэг дор зохион байгуулж байлаа. Намын анхан шатны байгууллагын удирдлагууд намын дарга нартайгаа уулзах гээд холоос цаг зав гарган ирдэг байсан. Одоо техник, технологийн дэвшлийг ашиглаж, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч, цахимаар шууд харилцах боломжийг бүрдүүллээ.
-МАН 300 гаруй мянган гишүүнтэй гэдэг. Энэ хэр бодит тоо гэж харж байна вэ?
-Цахим системд одоогийн байдлаар 280 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байна. Үүн дээр цахимд бүртгүүлж амжаагүй гишүүдийн тоог нэмэхээр 300 мянга гаруй болно. МАН цаашдаа намын гишүүдийн тоонд бус үзэл санаагаа сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллана.
-Гишүүн төвтэй нам болох хүрээнд гишүүдийн идэвхийг сэргээх талаар ямар арга хэмжээ зохиох вэ?
-Намын гишүүддээ хүрч ажиллах тал дээр алдаа дутагдал гардгийг үгүйсгэхгүй. Дээр хэлсэнчлэн цахим нам болох хүрээнд “e-nam” аппликэйшнээр, гишүүд санал, гомдол ирүүлдэг. Хариуцсан хүмүүс нь ирүүлсэн санал, гомдлыг нэгтгэн танилцуулдаг. Энэ дагуу үйл ажиллагаандаа анхаарч байна.
-Ихэвчлэн ямар санал, шүүмжлэл зонхилж байна вэ?
-Төр, засгийн үйл ажиллагаа, орон нутгийн намын байгууллагын удирдлагууд, намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой санал, шүүмжлэл давамгайлдаг.
-Намын гишүүдийн үйл ажиллагаа сонгуулиар сэргэдэг. Гэтэл намдаа хандив өгсөн, мөнгөтэй эрхэм намд элссэн даруйдаа албан тушаал хаших, сонгуульт ажил эрхлээд явдаг сөрөг үзэгдлийг халах уу?
-Тиймээ, улс төрийн сонгууль болохоор, дарга нар очихоор намын анхан шатны байгууллагын үйл ажиллагаа идэвхжээд, эргээд сонгуулийн дараа намждаг хандлага ажиглагддаг. Бид намын гишүүдээ идэвхтэй байлгах, намын ажил, бодлого шийдвэрийн талаар мэдээ мэдээллээр хангах, байнгын харилцаатай байх үүднээс цахим шилжилтийг хийж байна. Энэ нь зөвхөн сонгуулиар бус байнгын ажиллагаатай байх системд шилжиж байна. Нөгөө талаас намын дүрэмдээ цахимаар зарим үйл ажиллагааг зохион байгуулах талаар тусгасан. Намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхтэй байлгах, дэмжих чиглэлээр “Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн болох хүн эхлээд дүүргийн намын хорооны Тэргүүлэгч байх. Дүүргийн намын хорооны гишүүн олох хүн эхлээд хорооны намын хорооны Тэргүүлэгч байх. Хорооны намын хорооны гишүүн болъё гэвэл үүрийн Тэргүүлэгч байх” гэсэн шатлалтайгаар намын дүрэмд өөрчлөлт орсон. Энэ хүрээнд намын дүрэмд “Нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн 3/2 нь дүүргийн намын хорооны Тэргүүлэгч байна. Дүүргийн намын хорооны гишүүдийн 3/2 нь хорооны намын хорооны Тэргүүлэгч, Хорооны намын хорооны гишүүдийн 3/2 нь үүрийн тэргүүлэгч байх” заалт орсон. Аймгийн МАН-ын хороодод мөн адилхан энэ дүрэм үйлчилнэ. Жирийн гишүүдээс “зарим хүн аймгийн МАН-ын хорооны гишүүнээр сонгогдоод анхан шатны байгууллагатайгаа уялдаа холбоо харилцаагүй хаячихдаг” гэсэн шүүмжлэл ирдэг. Тиймээс аймаг, нийслэлийн МАН-ын хорооны гишүүнээр сонгогдъё гэж байгаа бол анхан шатны байгууллагын үйл ажиллагаанд оролцож, дэмжлэг үзүүлэн танигдах хэрэгтэй. Анхан шатны байгууллагадаа танигдаж Тэргүүлэгч болсноор дараа, дараагийн шатанд орно. Тэрнээс биш гэнэт гарч ирээд сайхан зүйл яриад эсвэл хандив дэмжлэг үзүүлээд аймаг, нийслэлийн МАН-ын хорооны гишүүн болох боломж хумигдсан.
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс МАН-аас сонгуульд нэр дэвшихгүй, намын сонгуульт албан тушаалд сонгогдохгүй
-Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тусгасан МАН-ын дүрмийн заалт хэр үр дүнгээ өгөх бол?
-МАН эрх баригч хүчний хувьд төрийн албаны хүнд суртлыг бууруулж, ард иргэдэд чирэгдэлгүй болгохыг зорьж байна. Зөвхөн МАН-д төдийгүй, улс орны хөгжил, дэвшилд эерэг үр дүн авчрахуйц өөрчлөлтийг намын дүрэмдээ оруулсан. Авлигатай тэмцэх чиглэлээр МАН-ын дүрэмд хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, ял авч байсан хүнийг МАН шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй, намын сонгуульт албан тушаалуудад сонгож, томилохгүй. Намын дүрэм бол МАН-ын “Үндсэн хууль” гэсэн үг. МАН-ын даргаас эхлээд Удирдах зөвлөл, Бага хурал, жирийн гишүүд бүгдээрээ дагаж, мөрдөж, хэрэгжүүлэх ёстой. Цаашдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс МАН-аас сонгуульд нэр дэвшихгүй, намын удирдах албан тушаалд сонгогдохгүй. Дүрэм батлагдсанаас хойш ямар нэг байдлаар хэрэгт холбогдож, хууль, хяналтын байгууллагад яллагдагчаар татагдсан тохиолдолд тэр хүнийг намын гишүүн болон намын сонгуульт албан тушаалаас нь түдгэлзүүлэхээр дүрэмд заасан. Шалгагдаад гэм буруугүй нь тогтоогдвол намын гишүүнчлэлийг нь болон нэр төрийг нь сэргээнэ. Буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээсээ хасагдаж, улс төрийн дэмжлэг авахгүй.
-Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байна. МАН-ын гишүүнээс хасагдсанаар дараагийн намд элсэх нь тухайн хүний эрх. Энэ талаар хэрхэн харж байна вэ?
-Бид манай намын дүрмийн энэ өөрчлөлттэй ижил агуулгыг дүрэмдээ оруулахыг бусад улс төрийн намуудад уриалж байгаа. Ялангуяа парламентад суудалтай намуудад. Хэрэг төвөгт холбогдоод намаасаа нэр дэвших боломжгүй болохоор өөр намд элсэж, нэр дэвшиж, улс төрийг бужигнуулдаг байж болохгүй. Тийм учраас бүх нам дүрэмдээ дээрх заалтыг тусгавал улс төрийн намаар дамжин төрд очиж байгаа хүмүүс хууль хэрэгжүүлдэг, авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх боломж, нөхцөл бүрдэнэ. Энэ бол зөвхөн намын дүрмийн заалт төдий биш ажил хэрэг болж төр, засгийн түвшинд хуулинд тусч, хэрэгжих ёстой. Албан тушаалтнууд хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх талаар өөрсөддөө санаа тавьж эхлэх байх. Ингэж байж улс төр дагасан ашиг сонирхол цэгцэрнэ.
-МАН дүрмийнхээ хүрээнд хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүсийг намын гишүүнчлэлээс хаслаа. Тэд тодорхой хугацааны дараа намын гишүүнчлэлээ сэргээх нөхцөл бий юу?
-Улс төрийн намын дүрмийг Дээд шүүх баталгаажуулдаг. Хоёрдугаар сарын 09-ний өдөр Дээд шүүх МАН-ын дүрмийн өөрчлөлтийг баталгаажуулсан. Үүнтэй холбоотой МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шүүхээс ял зэм хүртсэн, ялынх нь хугацаа дуусаагүй, үргэлжлүүлэн эдэлж байгаа хүмүүсийг намаас гарсанд тооцсон. Намын гишүүнээр элссэн ч сонгуульт албан тушаалд сонгогдох боломжгүй. Зарим сонгуульт албан тушаалтныг мөн чөлөөлсөн. Тэд өмнө нь хэрэгт холбогдож, шүүхээс шийтгэгдэж байсан хүмүүс. Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдоод байгаа зарим улс төрийн албан тушаалтнуудаас эхлээд өөрсдөөс нь тайлбар авахаар намын Хяналтын ерөнхий хороо шийдвэрлэсэн. Учир нь холбогдох асуудлаар бид хэвлэлийн мэдээлэлтэй байна. Хууль хяналтын байгууллагаас холбогдох хуулийн хүрээнд зохих мэдээлэл авахаар хүсэлт гаргаж байна.
-Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүдийг МАН-аас түдгэлзүүлбэл парламент дахь суудал нь яах вэ?
-УИХ-ын гишүүний асуудал тусдаа хуулиар зохицуулагддаг. Гэм буруутай нь тогтоогдвол прокурорын байгууллагаас УИХ-д саналыг оруулдаг. Харин МАН-ын дүрмийн дагуу намаас түдгэлзүүлэх нөхцөл үүсч, түдгэлзүүлсэн тохиолдолд УИХ дахь бүлэг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх байх.
-Та саяхан орон нутагт томилолтоор ажиллаад ирсэн. Намын гишүүдийн санал, шүүмжлэл ямар байна вэ?
-Аймгуудын МАН-ын хорооны бага хурал энэ цаг мөчид зохион байгуулагдаж байна. Аймаг, орон нутагт төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн хүнд суртал, хариуцлагатай холбоотой асуудал энэ үеэр нилээд хөндөгдөж байна. Улс төрийн албан тушаалд намаас томилогдон ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох удирдлагад шаардлага хүргүүллээ. Оны өмнө орон нутагт ажиллаж байхад ахмад гишүүд маань тэтгэвэр нэмэх асуудлыг тавьдаг байсан. Цар тахлын хүнд үед ахмадуудын тэтгэвэр амьдралд ахуйд нь хүрэлцэхгүй байгааг ярьж байлаа. Бид МАН-ын Удирдах зөвлөлдөө ахмад гишүүдийн саналыг уламжилсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард иргэдийн хүсэлт болон нөхцөл байдлыг мэдэрч, Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар, УИХ дахь МАН-ын бүлэг тодорхой арга хэмжээ авсан. Сар шинийн өмнө УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, энэ оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар ахмадуудын тэтгэврийг нэмлээ. “Бидний санал, шүүмжлэлийг сонсож, шийдвэрлэж байгаад баярлалаа гэдгээ намын ахмад гишүүд илэрхийлж байна”. Энэ бол зөвхөн тэтгэвэр нэмсэн төдий асуудал биш. Үүний цаана 500 гаруй мянган ахмад настан, тэтгэврээрээ амьдардаг гэр бүлийн асуудал тодорхой түвшинд шийдэгдсэн. Өмнө нь тэтгэврийг 40-60 мянган нэмдэг байсан бол энэ удаад 350 мянган төгрөг байсан тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэсэн. Хэдийгээр тэтгэвэр нэмсэн ч тэтгэвэр, тэтгэмжийн асуудлалд тогтолцооны шинэчлэл хийх шаардлага байгаа.