Холливуд-Монголын кино төсөл урагшилж байна

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот – “Godsend” төслийн продакшны баг Лос Анжелес хотод Пунцагийн Цагаан (Степпе Арена)-тай уулзаж, Холливуд-Монголын хамтарсан томоохон кино төслийн Монгол Улсад үзүүлэх эерэг нөлөөлөл болон төслийг хамгийн оновчтой байдлаар хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Талууд ажлын байр шинээр бий болгох, Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж (хилээс үл хамаарах) экспортын боломжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал болон соёлын солилцоог хөхүүлэн дэмжих, Монголын кино урлагийг Холливудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, Чингис хаан болон Монголын ард түмний түүхийг барууны ертөнцөд илүү эерэгээр харуулах зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцав.
Монгол улсыг Холливудын кино, телевизийн бүтээл хийдэг газар болгоход чиглэсэн Монгол улсын Засгийн газрын бодлогод “Godsend” төсөл нийцэж байгаа бөгөөд Засгийн газраас дэмжлэг авна гэдэгт багийнхан итгэлтэй байна.
“Godsend” киноны бүх зураг авалтыг Монгол Улсад хийх бөгөөд энэ нь Монгол Улсын Их Хурлаас батлаад удаагүй байгаа Монгол Улсад гадаадын кино, телевизийн төслийг дэмжин урамшуулах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа юм.
Монголын уламжлалт өв соёлын гайхамшгийг дэлхийн үзэгчдэд бодитоор үзүүлж Монгол улс хийгээд эзэн Чингис хааны дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг (ялангуяа, өнөө үед хүртэл өндөр ач холбогдолтой нэмрийг) уран сайхны аргаар харуулахад төсөлд шууд оролцох Монголын хөрөнгө оруулагчид болон уран бүтээлчид онцгой үүрэгтэй юм.
Төслийн продакшны багийн П.Цагаантай уулзсан гишүүдийн дотор кино зохиолыг бичсэн Жеймс Лиотта, Холливудын ахмад продюсер Скотт Розенфелт нар байсан байна. Скотт Розенфелт нь Холливудын хамгийн алдартай кинонууд, үүний дотор хийгдсэнээсээ хойш хамгийн өндөр орлоготойд тооцогдсон хэвээр байгаа “Home Alone” (Гэртээ ганцаараа) инээдмийн кино, Жулиа Робертсын жүжигчний замналыг тавьсан “Mystic Pizza”, Майкл Ж.Фоксын гол дүрд нь тоглосон, хамгийн өндөр орлоготой бие даасан “Teen Wolf” кино зэргийг бүтээсэн юм. 2020 онд С.Розенфелт Жон Легисамогийн найруулсан анхны бүтээл болох “Critical thinking”-гийн продюсерээр ажиллажээ.
“Godsend” кино багийнхны гишүүд Холливудын бүх том студи, стриминг үйлчилгээ, продакшн компаниуд болон уран бүтээлчдийн зуучлалын агентлагуудтай 40 гаруй жил хамтран ажилласан мэргэжлийн туршлагатай. “Godsend” төсөл нь Монгол болон Холливудын уран бүтээлчдийн авьяасыг хослуулсан уран сайхны кино болох төдийгүй бүх зураг авалтыг Монгол Улсад хийхээр төлөвлөж байгаа нь сайшаалтай юм.
“Godsend” төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mongoliagodsend.com цахим хуудсаас авах боломжтой.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …