Монголын Үндэсний Олимпын хорооны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчийг сонгох сонгууль явагдаж дууслаа.
Энэ албан тушаалд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын жюү-жицугийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, 3х3 сагсан бөмбөгийн холбооны хөгжил хариуцсан захирал С.Тулга, Монголын таеквондогийн холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Энхбат, Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар нэр дэвшээд байв.
Гэхдээ Ч.Зоригтбаатар нэрээ татсанаар өрсөлдөөн найман хүний дунд өрнөсөн юм.
Санал хураалтад 159 хүн оролцсоноос Ч.Наранбаатар 80 хүний саналаар тэргүүлж, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдов. Мөн Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр 75 саналаар удаалж, дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Одоо МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн сонгууль явагдаж байна.