Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 18. Ангараг гараг. Онгоц одтой, хоёр хар мэнгэтэй, хар бар өдөр.
Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.