Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр боллоо.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо.
Гурван жилийн өмнө нь нутгийнхаа дэвжээнд 23 хүртэлх насны ангилалд түрүүлж байсан тэрбээр өчигдөр финалд “Осло-2021” дэлхийн аварга Японы Ремина Йошимотод 2:12-оор ялагдсан. Ц.Намуунцэцэг Узбекистаны Жасмина Иммаева, Казахстаны Айгул Нуралим, Энэтхэгийн Манишаг тус бүр цэвэр ялж шигшээд хүрсэн юм.
Г.Отгонжаргал хоёр дахь мөнгөн медалийг авчирлаа
“Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Отгонжаргал эх орныхоо дэвжээнд 55 кг-ын жинд үзүүрлэв. Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийг авчирсан түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд гурав ялж, нэг ялагдсан юм.
Г.Отгонжаргал залуучуудын дэлхийн аварга болон залуучуудын Азийн хошой аварга Японы Үми Имайд 3:10-аар ялагдсан ч Казахстаны Алтин Шагаеваг 11:1-ээр, Узбекистаны Сардиназ Жиенбаеваг цэвэр, Энэтхэгийн Сушма Шокеенийг 15:5-аар илт илүүрхэж ялснаар шагналын тавцанд зогсов.
Б.Шоовдор гурав дахь удаагаа үзүүрлэлээ
59 кг-ын жинд “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор Азийн аваргын дэвжээнээс гурав дахь мөнгө, дөрөв дэх медалиа зүүв.
Тэрбээр 2014, 2021 онд Алматыд мөнгө, 2018 онд Бишкект хүрэл медаль хүртэж байсан юм.
Японы Сара Натамитад 2:4-өөр ялагдаж, Энэтхэгийн Саритаг 2:1-ээр, Казахстаны Диана Кайюумоваг 5:0-ээр илүүрхсэн Б.Шоовдор тойргийн сүүлийн барилдаанд Узбекистаны Дилфуза Аимбетоваг 10:0 оноогоор цэвэр ялснаар мөнгөн медаль хүртлээ.