Монголын сагсан бөмбөгийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурал болж, удирдлагын багаа сонголоо. Холбооны ерөнхийлөгчөөр “Энержи Ресурс” компанийн захирал Г.Батцэнгэл 100 хувийн саналаар сонгогдов.
Мөн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд 10 хүн өрсөлдсөнөөс гавьяат тамирчин Т.Түвшинбаяр, 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, “Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, “MCS Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир, Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нар сонгогдов.
Тус хуралд Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны Азийн сагсан бөмбөгийн холбоод хариуцсан захирал Кристина Эл Танноуки ажиглагчаар оролцов. Мөн МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хүндэт зочноор оролцож, шинээр сонгогдсон удирдлагын багт амжилт хүслээ.
2014 оноос хойш олон улсын тэмцээнд оролцож чадаагүй Монголын сагсчид энэ жил Ханжоугийн Азийн наадамд 3х3 болон 5х5 төрөлд эрэгтэй, эмэгтэй багаараа оролцохоор бэлтгэлээ базааж байна.