Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2022.04.26) хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.
Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм.
Хуулийн төсөлд,
– Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох;
– Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
– Нийтлэг төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн шатлалыг нэмэгдүүлэх,
– Ирээдүй өв санд төвлөрсөн хүүхдийн хуримтлалыг хүүхдийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу 2022 оныг дуустал хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох;
– Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх;
– Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх;
– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, С.Чинзориг, Б.Жаргалмаа, Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Ч.Ундрам, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Гишүүдийн зүгээс төрийн үйлчилгээний 20 гаруй мянган хүмүүсийн цалин буурсан асуудлыг төсвийн тодотголын хүрээнд шийдвэрлэсэн эсэхийг тодруулсан. Мөн ажилгүй, орлогогүй иргэдийг хэрхэн дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олголтыг хэрхэн олгох талаар асуув.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариултдаа, төрийн үйлчилгээний ажилчдын цалин, урамшууллын асуудлыг тодотголоор шийдвэрлэхээр тусгасан. Нийгмийн даатгалын буцаан олголтын хувьд нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагчид өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгохоор тусгасан. Энэ бол эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд бага орлоготой иргэдийг хамгаалах богино хугацаатай бодлогын арга хэмжээ юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг улсын төсвөөс гаргах учраас даатгуулагчийн шимтгэлийн хөнгөлөх, чөлөөлөх, огт авахгүй байх боломжгүй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн насны 1.8 сая иргэн байна. Үүнээс нийгмийн даатгалд 1.2 сая иргэн хамрагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй 106 мянган иргэн, 305 мянган малчин, албан бус секторт ажилладаг 210 мянган иргэн, 150 мянга гаруй оюутан, ажилгүй 100 мянган иргэн бий. Ингээд тооцвол 650 орчим мянган иргэн нийгмийн даатгалд хамрагдаагүй хөдөлмөрийн насны хүн байна. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа. Мөн салбарын яамнаас 18-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төслийг хэрэгжүүлдэг. Энэ төслийн хүрээнд залуучуудыг хоёр долоо хоногийн хугацаанд вакумжуулсан сургалтад хамруулж, үйлдвэрлэлийн дадлага хийсний дараагаар нээлттэй ажлын байранд зуучлан оруулдаг гэдгийг тодотгов.
Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ч.Ундрам нар татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд анхаарах, ялангуяа электрон тамхинаас онцгой албан татвар авах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Жаргалмаа, Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар төсвийн тодотголын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг нэмэх, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хасахгүй байх хэрэгтэйг сануулав.
2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.3 хувь, нийт зарлагын хэмжээг 17.9 их наяд төгрөг буюу 38.4 хувь, төсвийн алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төлөвлөсөн. Бүх хөрөнгө оруулалтыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож, гэрээ байгуулаагүй, үйл ажиллагаа эхлээгүй ажлуудын хөрөнгө оруулалтыг хассан. Энэ онд ашиглалтад орох төсөл, арга хэмжээний санхүүжилтийг хэвээр үлдээж, тэвчиж болох 91 төслийн санхүүжилтийг хасахаар төсөлд тусгасан. Харин эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын урсгал зардлаас хасаагүй гэдгийг Сангийн дэд сайд хэллээ.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулахаар тогтов.