Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяшитай албан ёсны хэлэлцээ хийв.
Талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэтийн төлөв, зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Сайд Б.Батцэцэг манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн энэ удаагийн айлчлал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгааг онцлоод, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагаанд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол, Японы харилцааны 50 жилийн түүхэн ойг тохиолдуулан 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлаж, жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг 1990-ээд оны эхэн үеэс хойш тууштай дэмжиж ирсэнд, мөн КОВИД-19 цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлсэнд гүн талархал илэрхийлэв.
Монгол орны ирээдүйн хөгжилд олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох шаардлага байгааг Сайд Б.Батцэцэг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбар, чиглэлд Японы дэвшилтэт технологи, ноу-хау, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн цаашид Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ дагуул хот байгуулах, хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авч ус төрөгчийн цахилгаан станц байгуулах зэрэг чиглэлд японы талтай хамтран ажиллах нөөц боломж байгааг тэмдэглэв.
Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэх зэрэг Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр тодорхой үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод, тус хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хорооны хуралдааныг ойрын үед зохион байгуулахыг санал болгов.
Сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод тарих санаачилга”-ыг талархан дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хэлбэрээ судалж байгаагаа танилцуулав. Цаашид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг Монгол, Японы Стратегийн түншлэлийн нэг чухал хэсэг болгон хөгжүүлэхийн төлөө байгаагаа мөн онцлов.
Талууд яриа хэлэлцээний үеэр ойрын үед хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, батлан хамгаалах, иргэд консулын зэрэг өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцов.

Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан Солилцох ноот бичигт гарын үсэг зурав. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр 2001 онд эхэлснээс хойш манай улсын 360 залуу боловсон хүчин Япон Улсын Их, дээд сургуулийн магистр, докторантурын сургалтад хамрагдсан бөгөөд энэ онд Япон Улсын Засгийн газар уг хөтөлбөрт зориулж 263 сая иенийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна.