Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас “Гэрлэх ёслол”-ын ордонтой хамтран найман алба хаагчийн хуримын ёслолыг зохион байгууллаа.
Гэрлэх ёслолын ажиллагааг Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гэрлэх ёслолыг удирдагч Б.Амгалан нар нээж, хуримаа хийж буй хосуудад аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Аврах ангийн аврагч, дэд ахлагч Г.Билгүүн, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн Салааны захирагч, дэслэгч З.Өсөхбаяр, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн Салааны захирагч, дэслэгч Б.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Б.Дөлгөөн, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Т.Доньддэмбэрэл, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн Гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Уламбадрах, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн нярав, ахлах ахлагч Н.Сарангарав, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн Гал сөнөөгч, ахлах ахлагч М.Цэдэндорж нарын гэр бүл хуримын ёслолоо хийлээ.
Хуримын үйл ажиллагааг тус газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл’ хариуцан ажиллаж, нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ёслолыг үнэ төлбөргүй зохион байгуулсан юм.
Хуримын ёслолын үеэр тус газрын Хангарди хамтлаг болон дэд ахлагч М.Сумъяадорж нар ая дуугаа өргөж баяр хүргэсэн.
Хосуудын гэрлэх ёслолын арга хэмжээнд алба хаагчдын үр хүүхэд, гэр бүл, хамт олон найз, нөхөд нь оролцож, аз жаргалтай, баярт мөчийг нь хуваалцлаа.