Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж байна. Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна.
Тэгвэл тэмцээний эхний өдөр ахмадын 70-аас дээш насны ангиллын 59 кг-ын жинд Орхон аймгийн тамирчин Ш.Пэрэнлэй алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр цээжнээс 75 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болсон байна.
Ахмад тамирчин Ш.Пэрэнлэй нь дэлхийн хошой аварга болж буй бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлж байв.
Өчигдөр ДАШТ-ийн +120 кг-ын жинд Б. Чимэдцэрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр тус жинд цээжнээс 367.5 кг-ыг амжилттай шахсанаар дэлхийн аварга болсон юм. Б.Чимэдцэрэн дэлхийн хошой аварга болж буй бөгөөд өмнө нь 2018 оны ДАШТ-ээс алт, 2021 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.
Мөн Азийн АШТ-ий гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм.