Монголын үндэсний олимпын хороо, Монголын спортын корпорацитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.
Хамтын ажиллагааны гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын спортын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр нар гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны хүрээнд Монголын спортын корпорацийн зүгээс МҮОХ болон гишүүн спорт холбоодод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм.
Энэ үеэр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “МҮОХ-ны гол цөм болсон спорт холбоодод маань санхүүгийн асуудлаа шийдэх, төсөл хөтөлбөр бичих, олон улсын байгууллагатайгаа харилцах гэх мэт олон зүйл дээр дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байдаг. Харин Монголын спортын корпораци шинэлэг байдлаар ажиллаж, спортын холбоод, клубүүдийг дэмжиж буйд талархлаа илэрхийлье. МҮОХ Монголын спортын корпорацитай олон зүйл дээр хамтран ажиллах болно” гэв.
Харин Монголын спортын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр “Манайх спортын менежментийн компани. Спортын холбоодод туслах, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Спортын салбарт тулгамдаад байгаа хүний нөөц, менежментийн асуудлыг өөрсдийн хэмжээнд шийдэх зорилгоор энэ үйлчилгээг эхлүүлсэн. 2021 оны арванхоёрдугаар сараас үйл ажиллагаагаа идэвхжүүлж, спортын холбоод дээр түшиглэсэн төслүүд хэрэгжүүлснээр тодорхой үр дүнгүүд гарсан.
Одоо бид 16 спортын холбоотой хамтран ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаагаа улам тэлэх хэтийн зорилготой. Өнөөдөр бид МҮОХ-ны дэмжлэгийг хүлээж, хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна” гэсэн юм.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа
Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …