Өнгөрсөн өвлөөс эхэлсэн Хөгжлийн банкны дуулиан юу болов гэж эх баригчдаас асууя.
Хөгжлийн банкнаас 74 аж ахуйн нэгжид нийт 2,383,007,436,094 /хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум/ төгрөгийн зээл олгосон байсан бөгөөд зээлийн зарцуулалттай холбоотой үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн.
Хамгийн гол нь улс төрчид болон тэдний ойрын хүрээлэлийнхэн бага хүүтэй зээлийг бараг л барьцаа хөрөнгө гэх зүйлгүйгээр авсан нь олны анхаарлыг татсан. Асуудал олны анхааралд хүрэхтэй зэрэгцэн МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар Хөгжлийн банкнаас албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүй УИХ-ын гишүүд болон сайд дарга нарт хатуу хандахаа илэрхийлж, МАН-ын гишүүнээс чөлөөлөх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагаар шалгуулах асуудлыг тавьж шийдвэрлүүлэхээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, УИХ дээр ажлын хэсэг байгуулсан ч эдгээр амлалт нь хий хоосон яриа, цаг хожиж, гал унтраасан үйл явдал төдий байсан нь өнөөдөр тодорхой боллоо.
Мөн Сүхбаатарын талбайг дүүргэж, “АЖЛАА ХИЙ” уриатай хэд хоног дараалан жагссан залуусын 15 шаардлагад дурдагдсан Хөгжлийн банкны асуудлыг шийдэх шаардлага ч ийнхүү талаар болж, эрх мэдэл, албан тушаалтай “чанаргүй зээлдэгч нар” хариуцлага хүлээхгүй үлдэж, том том амлалт өгсөн дарга нар ард нь чимээгүй хоцорч байна.
Өглөө бүр тангуд улс мөхөөгүй гэдгийг сануулж бай гэж нэгэн цагт Чингис хэлсэнчлэн, Хөгжлийн банкны асуудал шийдвэрлэгдээгүй гэдгийг та бид марталгүй санаж, шаардаж байх ёстой. Учир нь хөгжлийн банкны хөрөнгө бол татвар төлөгчдийн мөнгө юм.