Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон “Хаврын баяр” олон улсын урлагийн наадмаас “Алтан диплом” хүртлээ

Олон орны уран бүтээлчид шилдэг бүтээлийнхээ дээжсээр мэндчилэн золгодог, БНАСАУ-ын ард түмний сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг нэгэн тайзнаа амилуулдаг, харилцан хүндэтгэл, дотно нөхөрлөл, эв найрамдал, эгшиглэнт бүтээлээр урин сайхан хаврыг авчирдаг “Хаврын баяр” урлагийн наадам шилдгүүдээ тодрууллаа.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад зохиогддог “Хаврын баяр” Олон улсын урлагийн наадам энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид эх орноо төлөөлөн оролцсон билээ.

Тус наадамд энэ жил чуулгын уран бүтээлчид нэгдсэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд найрал дууны, үндэсний бүтээлийн болон бүжгийн шилдэг бүтээлүүдээрээ өрсөлдөж “Алтан диплом”-ын эзэд боллоо.

Мөн “Цэрэг бүжгийн чуулбар” бүжиг, “Ким Жон Үн жанжин” найрал дуунуудаар “Алтан диплом”, “Морьт цэрэг” бүжиг, “Дотны нэр” дуу, “Уул усны эхэнд” үндэсний хөгжмийн бүтээлүүдээр “Мөнгөн диплом”-ын шагналуудыг хүртсэн. Мөн Гоцлол дуучин МУГЖ Б.Батбаатар, дуучин Ч.Ану нар “Алтан диплом”, Гоцлол бүжигчин МУСТА Х.Юүлэхорол “Мөнгөн диплом”-ын шагналыг тус тус хүртлээ.

Мэргэжлийн урлагийн байгууллагуудынхаа түүчээ болж, олон улсын урлагийн наадамд Монголынхоо нэрийг дуурсгасан уран бүтээлчдээ уран бүтээлийн өндөр их амжилтыг хүсэн ерөөе.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …