Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 6. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын шинийн 7. Сумъяа гараг. Их морь одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бар өдөр. Тэрсүүд өдөр.
Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Буудай боловсрох улирал 0 цаг 56 минутанд эхэлнэ. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, дуу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.