Б.Энхбаяр:Парк болон бусад цэцэрлэгүүдэд мод, бутнаас өөр юм хэрэггүй шүү

УИХ-ын Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүд, нийслэлийн удирдлагууд Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-д хуралдлаа.

Тус хуралдаанаар нийслэлд хийж, хэрэгжүүлэх ажлыг олон талаас нь хэлэлцэж, саналаа хэлсэн юм.

Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бид хүргэсэн. Түүнийг үг хэлсний дараа Түр хорооны гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм.

ЭНЭ ЗУНДАА БАГТАЖ УЛААНБААТАР ХОТОД ЮУ ХИЙХ ВЭ?

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Улаанбаатар хотыг хөгжүүлэх, ногоон байгууламж бий болгох төлөвлөгөөтэй танилцлаа. Төлөвлөлт бол байна. Харин энэ зун юу хийх вэ гэдэг чухал байна. Хотын ерөнхий менежер, архитектор мөнгө нь байвал гэсэн үг цухуйлгалаа. Тэгэхээр мөнгө нь байгаад энэ зундаа хийх ажлаа ярилцъя л даа. Энэ зун ҮСАХ, Туул голын эрэг дагуу мөнгөндөө тааруулаад яг юу хийх вэ гэсэн асуултын хариуг иргэд хүлээж байна. Хотын удирдлагууд та бүхэн маань ажлаа яралзтал хийгээд харуулмаар байна?

Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж:

-Туул голын эрэг дагуу хийх таван байршлын тохижилтын ажлын хоёр нь эхэлчихсэн байгаа. АСЕМ-ийн урд тал болон Их тэнгэр орчим, Дугуй цагааны ажлууд эхэлсэн. Сэлбэ голын эргийн тохижилтын зураг гарсан, ажил нь хараахан эхлээгүй. Нийслэлийн хэмжээнд 188 байршилд гарааш буулгаж байгаа. Байршил бүрд төлөвлөлтийн шийдэл гарсан. Энэ зундаа тохижилт хийнэ. ҮСАХ-гийн тухайд зам талбай тохижуулах, моджуулах ажил хийнэ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:

-Нийслэлийн есөн дүүргийн томоохон гэр хороололд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хөрөнгө мөнгийг нь төсөвт суулгаад эхлэхэд бэлэн болсон. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Ажил нэг өдөр, нэг амьсгаагаар дуусчихгүй гэдгийг иргэд, олон түмэн маань зөвөөр ойлгох байх аа.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийслэл хотынхоо иргэдийн төлөө гэсэн чинхүү сэтгэлээр ажиллаж байгаа Түр хорооны гишүүддээ гүнээ талархаж байна.  Хүүхдийн парк хүүхдийн паркаараа үлдэнэ гэдгийг баттай хэлэх байна. Төр, хувийн түншлэлээр хүрээлэнг нийслэл хот болон  Рио Тинто, Бодь группийн гурвалсан гэрээгээр хөгжүүлэхээр төлөвлөсөн. Зургадугаар сарын 15-нд төсвийн тодотгол хэлэлцэх үеэр энэ асуудлыг шийдэх юм. Хэдийгээр Бодь групптэй холбоотой элдэв асуудал яригддаг хэдий ч хувийн хэвшлийн аж ахуйн нэгж паркийн газрыг өдий хүртэл орон сууцны хороолол болгочихолгүй хамгаалж, хадгалж ирсэнд талархаж байна.  Энэ боломжийг алдахгүйгээр бүтээн байгуулалтыг хийх нь зүйтэй байна. Туул голын эрэг дэх бүтээн байгуулалтыг энэ зундаа хийнэ.  Дугуй цагааныг мөн тохижуулна. Үнэхээр үзэмжгүй, ард иргэдийг бухимдуулсан газрыг цэвэрлэж, ая тухтай газар болгоно гэдгийг Хотын даргын хувьд амлаж байна гэсэн хариултыг өглөө.

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ШОРЛОГИЙН ГАЗАР БОЛЧИХ ВИЙ”

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Улаанбаатар  хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн талаар хэлэлцэж, мэдээлэл өгч танилцуулж байгаад талархаж байна. Барилга байгууламж л бүтээн байгуулалт болдог гэсэн ойлголт хоцрогдсон. Ногоон байгууламж бол хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан том бүтээн байгуулалт. Олон сайхан ажил хийхээр төлөвлөсөн юм байна. Гэхдээ эргээд харахад төлөвлөлтийн дагуу хийж чадаагүй зүйлс гарч ирдэг талтай. 2008-2010 онд НИТХ-ын төлөөлөгчид санал санаачилга гаргаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /ҮЦХ/-г байгуулж байсан.  Өнөөдөр ҮЦХ маань ерөнхий төлөвлөлт алдагдаад, үйлчилгээний зах, шорлогийн  газар шахуу болчихоод байна. Энэ мэтээр төлөвлөлт алдагдаад өөр зүйл болчих вий. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:

-Шүүмжлэлийг хүлээж авлаа. Нэгэнт хүмүүс олноор цуглаж буй учир үйлчилгээ байхаас аргагүйд хүрдэг. Гэхдээ бид эргэж харъя.

Б.Энхбаяр:Парк болон бусад цэцэрлэгүүдэд мод, бутнаас өөр юм хэрэггүй шүү

-Нью-Йорк хотын цэцэрлэгт хүрээлэн нэгэн үед хамгийн бохир газар байсан гэдэг. Хот нь дангаар асуудлыг шийдэх гээд дийлээгүй учир тохижилтыг хувийн хэвшилд өгсөн юм билээ. Одоо тус хотын цэцэрлэгт хүрээлэнгийн бие засах газар бараг таван одтой зочид буудлын хэмжээнд тохилог болсон. Сонгодог хөгжим эгшиглэсэн, амраад баймаар орчныг бүрдүүлсэн юм билээ. Түүн шиг парк болон бусад цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хувийн хэвшилтэйгээ  хамтатган хөгжүүлэхэд буруудах зүйлгүй. Хот бүхнийг өөрөө хийх гээд бүтэлгүйтээд байх хэрэггүй санагдаж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд манай хүчний байгууллагынхан буу, жад, сэлэм бүхий хөшөө барьсан байдаг. Бөөн буу, жадны дундуур байлдаантай кинонд тоглож буй мэт явахад хүрээд байна. Ийм хөшөө  зургаан ширхэг бий. Парк болон бусад цэцэрлэгүүдэд мод, бутнаас өөр юм хэрэггүй шүү.

                      ГЭР ХОРООЛОЛД МОД ТАРЬДАГ Ч УСАЛГАА ДУТМАГ БАЙНА

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Энэ жилээс эхлэн мод олдохоо больсон. 1000 суулгац авах гээд олдохгүй, өндөр үнэтэй болсон байна. Нөгөөтээгүүр гадаадын улс орнуудад мод бүр бүртгэлтэй байдаг. Тарьсан модоо бүртгэж, ургалтад анхаарахгүй бол гагцхүү мод тариад байх нь учир дутагдалтай. Гэр хороололд мод тарих гэхээр усалгаа маш хүндрэлтэй асуудал болдог. Усны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд  анхаарч, судалж, боломжийг тогтоох нь  зүйтэй болов уу.  

БИОЛОГИЙН БАГШ НАРЫГ МОД ҮРЖҮҮЛЭГТ ОРОЛЦУУЛЪЯ

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Д.Сумъяабазар дарга бид хоёр 77 дугаар дунд сургуулийг төгссөн. Манай сургуулийн биологийн багш гялгар уутанд мод үржүүлдэг байсан. Сургуулийнхаа наранд ээвэр, нөмөр газарт мод үржүүлэхдээ хичээлээ хамт заачихдаг, хүүхдүүд ч модны талаарх мэдлэг мэдээлэлтэй үлддэг байсан. Өнөөдөр сургууль бүрд биологийн багш бий. Тэднийг мод үржүүлэгт татан оролцуулбал өгөөжтэй санагдаж байна. Энэ ажлыг ерөнхий боловсролын сургуулиуд хэрэгжүүлж болох юм. Хүүхдүүдийн хүчийг авч, сургуулиуд ч мод үржүүлгээс орлого олж болно шүү дээ.

“ГАРААШ БУУЛГАСАН ГАЗРУУДАД ДӨРВӨН ТӨРЛИЙН ТОХИЖИЛТ ХИЙНЭ”

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэхүү хуульд хэд хэдэн шинэ зохицуулалт оруулж өгсөн. Тухайлбал, хүн ам олноороо суурьшиж буй, нягтаршил өндөртэй бүсэд нийгмийн дэд бүтцээс бусдаар газар олгохыг хориглосон. Гэтэл хотын төвийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хороодод газар олгосноос болж иргэдийн эрх ашиг хохирч байна. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг барья гэхэд газар олдохгүй хэр нь бусад зориулалтаар барилга барьж байна. Нийслэлийн хэмжээнд маш олон гарааш буулгаж, газар чөлөөлж байгаа. Тэдгээр газруудад ногоон байгууламж байгуулах гээд байна уу, боломжтой газруудад цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьж болох уу?

Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж:

-Нийслэлд гарааш буулган газар чөлөөлж буй 188 байршил байгаа. Эдгээр байршилд дөрвөн чиглэлийн төлөвлөлтийн шийдэл гаргасан. Нэгдүгээрт, ногоон байгууламж барина. Хоёрдугаарт, тухайн газар гараашгүй болгочихоор оршин суугчид хороолол дундах зам дээр машинаа тавихад хүрч байгаа. Тиймээс хоёр байршилд олон давхар гарааш, 16 байршилд дээрээ тохижилттой газар доорх гарааш барихаар төлөвлөсөн. Зарим байршлыг зам болгох, заримд нь сургууль, цэцэрлэгийн талбайг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Харин сургууль, цэцэрлэг  барих хэмжээний стандартад нийцсэн том газар гарч ирэхгүй байгаа. Хотын төвд барьж байгаа барилгуудын тухайд шинээр газрын зөвшөөрөл огт олгоогүй. ҮСАХ-гийн тухайд нийтийг хамарсан тоглоомын талбай хийхгүй,  моджуулсан талбай л байгуулах юм. Гэр бүлээрээ алхах, зугаалах боломжтой орчин бүрдүүлнэ.

“ДАВХАР АВТОБУСААР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ”

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай холбоотойгоор хот маань дүрэмтэй болж байгаа. Нийслэлийн зүгээс томоохон олон шинэлэг ажлыг хийж байгаа. Нийслэлийн Засаг даргын зүгээс 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээг зөвшөөрлөөс чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор гудамжны хоолны үйлчилгээ нэмэгдэж байна. Тиймээс аюулгүй байдал талаас анхаарах учиртай. Улаанбаатар хотын төвд Гэрэлт гудамж байгуулж байсан. Одоо тэр утгаараа ажиллахгүйд хүрсэн. Энэ мэт орхигдсон зүйлсийг ч сэргээж хотоо хөгжүүлэхэд анхаараасай гэж хүсэх байна. Сонгинохайрхан захын дүүрэг учраас аливаа зүйлсээс хоцроод байдаг талтай. Тиймээс үүнд анхаараасай. Өчигдрөөс манай хотод явж эхэлсэн давхар автобусанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй байгаа. Энэ боломжийг хэзээ олгох вэ?

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Сая  парк шинэчлэлээр оруулж ирсэн  автобусаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой. Тэргэнцэртэй хүн орох үед хаалганы харалдаа шалыг буулгаж оруулж байгаа. Ирэх намраас оруулж ирэх автобуснуудыг нам шалтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байхаар ярилцаж байна. Үнийн хувьд зөрүүтэй ч иргэдэд ээлтэй байдлыг эрхэмлэнэ.

ЗАЙСАНГИЙН ШАВАР ТАГЗЫГ НУРААСАН НЬ ИРГЭДИЙН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭСЭН

УИХ-ын гишүүн П.Анужин:

-Санал хэлье. Хэдхэн хоногийн өмнө Зайсангийн аман дахь 49 шавар тагзыг нураасан. Энэ нь иргэд, олон нийт, ээжүүдийн талархлыг хүлээсэн ажил болсон. Үүний дараа хувийн хэвшлийнхэн бидэнд мэдэгдэлгүй нураалаа гэж гомдоллосон. Иргэд, аж ахуйн нэгжүүд тухайн үедээ хууль, журамд нийцүүлэн авсан байж таарна. Тиймээс  газрыг чөлөөлж, буцааж авахдаа иргэд, хувийн хэвшлийн эрх ашгийг анхаарч байгаасай гэж хүсье. Хотын дарга Паркийн газрыг орон сууцны хороолол болгоогүйд баярлалаа гэж хэлж байна. Энэ чинь ёс зүй. Хувиараа хөдөлмөрлөгчид, бүтээн байгуулагчдыг буруутгах үзлийг дэлгэрүүлж боломгүй, бүтээн байгуулалтын төлөө эрсдэл хүлээж ирсэн хувийн хэвшлийнхнээ бас бодолцож байгаарай гэсэн юм.

Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг эрхэлсэн Түр хороо байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээ анх удаа задгай талбайд хийсэн юм. Өнөөдрийн хэлэлцүүлэг үр дүнтэй боллоо гэж УИХ-ын гишүүд дүгнэж байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд НИТХ-ын дарга  Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотыг хөгжүүлэх асуудалд сэтгэлээ зориулан ажилладаг УИХ-ын дарга, гишүүддээ НИТХ, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Өнөөдрийг хүртэл дэлхий нийтээрээ өргөн зам, өндөр байшингаар бүтээн байгуулалт, хөгжлийг  дүгнэж байсан бол өдгөө орон зай, тайван аюулгүй байдлаар харж байна. Өнөөдөр ард иргэд тайван алхах, дугуйгаар явах, үр хүүхдээ салхилуулах орон зайг хүсэж, хөгжлийн суурь болгож  байна. Улаанбаатар хотын төвд байрлах 60 жилийн түүхтэй “өргөө”-нд УИХ-ын гишүүд хүрэлцэн ирж, асуудлыг хэлэлцэж байгаа нь сайшаалтай юм. Улаанбаатар хотын бүтээн байгуулалт бол үе үед ажиллаж, амьдарч байсан иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор бий болсон. Иргэдийн оролцоо, татварын дэмжлэгээр хөгжих ёстой. Энэ цэгээс ногоон хөгжлийг эхлүүлье” хэмээсэн юм.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …