Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны өчигдрийн хуралдаанаар хянан шалгагчдыг томилох тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Хянан шалгах түр хорооноос хянан шалгагч томилох эрхтэй. Тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 -т “Хянан шалгагч нь сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухайн асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах чадвартай, гурваас доошгүй жил тухайн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байна.” гэж заасан.
Ингээд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хянан шалгагчаар Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Идэрийн Уянга, Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын менежер Лувсандашийн Эрдэнэчулуун нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Хянан шалгагч нь хараат бусаар ажиллаж, нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримт гаргаж өгөхийг шаардах, холбогдох этгээдээс тайлбар авах, танилцсан тэмдэглэл хөтлөх, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, түр хороонд тогтоол гаргуулах санал хүргүүлэх эрх, үүрэгтэй ажиллах юм.