Монгол Улсын Засгийн газрын Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх Үндэсний хорооны үйл ажиллагааны хүрээнд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт Болзолт уралдаан нийт ерөнхий боловсролын сургуулиудын дунд таван сарын турш амжилттай өрнөж, шилдгээр шалгарсан хүмүүс шагналаа гардаж авлаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, БТСУХ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Баттулга, Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч, Болзолт уралдааны Зохион байгуулах хорооны дарга Ч.Зоригтбаатар нар оролцов.
Олимпын боловсрол, олимпизмын үзэл санааг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх, олимпын танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, биеийн тамирын багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой Болзолт уралдааныг МҮОХ, БШУЯ, БТСУХ, МҮОА-аас хамтран зохион явуулсан юм.
Энэ удаагийн Болзолт уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн 400 гаруй ерөнхий боловсролын сургууль оролцож, 1300 гаруй удаагийн арга хэмжээнд сурагч, багш, эцэг эхчүүд зэрэг нийт 400,000 гаруй хүн хамрагдсан байна.
Болзолт уралдааныг аймаг, дүүргийн хэмжээнд тухайн харьяа газрын Олимпын зөвлөл, Боловсролын газар, Биеийн тамир, спортын газраас хамтран өөр өөрсдийн шинэлэг арга барилаар хүүхэд багачуудад олимпын хөдөлгөөнийг таниулах олон талт арга хэмжээнүүдийг өрнүүлсэн нь онцлог байлаа.
Болзолт уралдаанд аймаг, дүүрэг тус бүрээс шалгарсан шилдэг 30 багш, арга зүйч болон таван Олимпын зөвлөлийн төлөөллийг гадаадад туршлага судлах эрхийн бичгээр, шилдэг 30 сургууль, таван Боловсролын газар, таван Биеийн тамир, спортын газар болон таван Олимпын танхимыг тус тус үнэ бүхий зүйлсээр шагнаж урамшуулав.