“Дэлхийн элсний II наадам 2023 оны наймдугаар сарын 5-12-ны өдрүүдэд дэлхийн шилдэг наран шарлагын газар болох Балид зохиогдоно” хэмээн Индонезийн ҮОХ-ноос мэдээллээ.
2021 оны аравдугаар сард болсон Үндэсний олимпын хороодын холбооны (ANOC) Ерөнхий ассамблейгаар наадам зохион байгуулах эрхийг Индонезид өгсөн. Улмаар Индонезийн ҮОХ Засгийн газартайгаа зөвшилцсөний үндсэн дээр Бали аралд зохион байгуулахаар шийдсэн байна.
Наадмыг залгуулаад, наймдугаар сарын 13-15-ны өдрүүдэд ANOC-ийн XXVII Ерөнхий ассамблей явагдах юм.
2019 онд Катарын Дохад болсон Дэлхийн элсний анхдугаар наадамд 97 орны 1200 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл медаль хүртэж байв.
Харин энэ удаагийн наадмын хөтөлбөрт акуатлон, элсний гандбол, элсний хөлбөмбөг, элсний теннис, элсний волейбол (4х4), элсний усан поло, элсний бөх, каратэ, китборд, задгай усны сэлэлт зэрэг 10 спортын төрөл багтжээ.
Нэмэлтээр ямар спортын төрөл орохыг Индонезийн ҮОХ ANOC-той зөвшилцсөний үндсэн дээр шийдэх юм.
Тамирчид наадамд оролцохын тулд эрхийн тэмцээнээс эрхээ авах ёстой.
“Бид үзэсгэлэнт Бали арал дээр Дэлхийн элсний II наадмыг зохион байгуулах болсондоо баяртай байна. Бали арал нь элсний спортын тэмцээн зохион байгуулахад тохирсон хамгийн сэтгэл татам наран шарлагын газруудтай.
Индонезийн Засгийн газар болон ҮОХ-нд талархал илэрхийлье. Бид ирэх 15 сарын хугацаанд тэдэнтэй нягт хамтран ажиллаж, мартагдашгүй наадам зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн ҮОХХ-дын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Робин Митчелл ярьсан байна.