Бөхийн төрлүүдийн 2022 оны “U-17”, “U-23” хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 19-26-ний өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект хотод зохиогдож байна. “Бишкек-2022” U17 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай улсын эмэгтэй тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртжээ.
Тэмцээний эхний өдөр охидын 69 кг-ын жинд энэ жилийн өсвөр үе, залуучуудын улсын аварга “Женко” клубийн тамирчин Эрдэнэбатын Одзаяа алтан медаль хүртэж Монгол Улсын далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр Бишкекийн дэвжээнд хэсэгтээ Узбекистаны Севинчой Полвоноваг 6:1-ээр, Энэтхэгийн Бадана Мансиг 10:0-ээр, хагас шигшээд эзэн орны Кайркул Шаршебаеваг 14:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Японы Харүка Кобарүг 17:9-өөр тус тус ялсан юм.
Э.Одзаяагийн хувьд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаагийн төрсөн эгчийнх нь охин. Сонирхуулахад, О.Насанбурмаа 2005, 2006 онд өсвөр үеийн Азийн аваргаас алтан медаль хүртэж байсан бол 17 жилийн дараа нь дүү нь аварга болсон нь ховорхон тохиолдол.
Б. Халиун мөнгөн медаль хүртлээ
Өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгөн медальт Баянхонгор аймгийн тамирчин Бямбасүрэнгийн Халиун охидын 53 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
Япон улсад төрж өссөн, олимп, дэлхийн олон аваргуудыг бэлтгэн гаргасан “Шигакүкан” ахлах сургуульд сурдаг Б.Халиун хэсгийн барилдаанд Узбекистаны Сакибжамал Эсбосынова, Кыргызстаны Айда Талайбековна Нурудинова, хагас шигшээд Японы Үта Нишиокаг тус бүр 10:0-ээр ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Реенад 6:10-аар ялагдлаа.
Ч.Номин мөнгөн медаль хүртлээ
“Бишкек-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний “U17” ангиллын чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд өсвөр үеийн улсын хошой аварга, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Чинзоригийн Номин мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр хэсгийн барилдаанд Кыргызстаны Дилназ Абдыкадыроваг 5:2-оор, Узбекистаны Гулья Хажиеваг 2:2-оор, хагас шигшээд Японы Момока Кавамүраг цэвэр ялсан.
Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Шрутид 4:5-аар харамсалтай ялагдав.
Уг нь манай бөх барилдаан эхлээд мушгиж тонгорон 4 оноо авч, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулсан ч сайхан боломжоо алдсан.