Олимпын өдрийн 128 жилийн ойг тэмдэглэв

Олон улсын олимпын хороо байгуулагдсан зургадугаар сарын 23-ны өдрийг дэлхий даяар Олимпын өдөр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг.
МҮОХ-ноос Олимпын өдрийн нэгдсэн арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд зохион байгууллаа.


Олимпын өдөрт зориулан ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах мэндчилгээ дэвшүүлснийг оролцогчдод сонирхуулсан бол МҮОХ-ны удирдлагууд олимпын наадамд оролцож байсан үе үеийн тамирчид, ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Мөн энэ үеэр “Парис-2024” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад батламжийг нь гардуулж өглөө.


ОУОХ-ны Эв санааны нэгдлийн энэхүү хөтөлбөрт байт харвааны Г.Хишигсайхан, боксын Б.Буяндалай, Х.Энхмандах, М.Намуун, туялзуур сэлэмний Б.Амарзаяа, жүдо бөхийн Г.Алтанбагана, Л.Сосорбарам, Ё.Басхүү, буудлагын Ц.Анударь, Э.Даваахүү, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, чөлөөт бөхийн Д.Отгонжаргал, М.Лхагвагэрэл, Т.Тулга гэсэн 15 тамирчин хамрагдаж байна.

Олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтаад буй брэйк бүжгийн спортын залуус арга хэмжээнд хүрэлцэн ирж, бүжгийн үзүүлбэрээсээ сонирхуулсан нь энэ өдрийн оргил мөч байв.
Мөн байт харваа, гольф, бадминтон, цанын холбооныхон спортоо сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Олимпын өдөрт зориулсан залуу тамирчдын гүйлтийн тэмцээн энэ үеэр болж, 200 гаруй тамирчин хамрагдлаа.


Эрэгтэй, эмэгтэй төрөл бүрт эхний таван байр эзэлсэн тамирчдад сертификат, гарын бэлэг гардуулж өгөв.
Ийнхүү Олимпын өдрийн 128 жилийн ойн арга хэмжээ өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …