Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр үргэлжилж Нийслэлийн 2022 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн баталлаа.
Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголоор төсвийн хөрөнгө оруулалт 640.3 тэрбум төгрөг, 2021-2022 онд он дамжин санхүүжих 39.1 тэрбум төгрөг, Нийслэлийн 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14.6 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021-2022 онд он дамжин санхүүжих 13.8 тэрбум төгрөгийн нийт 707.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдлаа. Энэ нь 2022 оны анх батлагдсан төсвөөс 131.6 тэрбум төгрөгөөр буурч байгаа юм.
Батлагдсан төслөөр 2022 оны төсөвт хэд хэдэн өөрчлөлт орж байна. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилж байгаа шилжүүлгийн орлогыг 2 тэрбум 531.9 сая төгрөгөөр бууруулав. Мөн нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, биеийн тамир спортын байгууллагын үйлчилгээний зардалд 2022 онд батлагдсан урсгал зардлыг 28 тэрбум 934.5 сая төгрөгөөр бууруулж байгаа аж. Учир нь энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дээрх зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр болж байгаа юм.
Нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх шилжүүлгийг 7 тэрбум 907.3 сая төгрөгөөр нэмэгдүүлж байгаа бол, Хотын шуудын 2021 оны төсвийн орлогын давалт, зарлагын хэмнэлт 83 тэрбум 656.3 сая төгрөг байхаар Төрийн аудитын байгууллага баталгаажуулжээ. Энэ оны эхний 5 сарын орлогын гүйцэтгэлийн мэдээгээр нийслэлийн төсөвт 528.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Гэвч энэ нь орлогын төлөвлөгөө 46.8 тэрбум төгрөг буюу 8.1 хувиар тасарсан үзүүлэлт юм.
Харин төсвийн зарлагын тухайд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуульд тусгасан үндсэн чиглэлийг баримтлан, Засгийн газрын төсвийн зардлын хэмнэлтийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн тэнцлийг хангахад анхаарч байна. Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголын хүрээнд:
- Нийслэл дүүргийн Засаг даргын орлогч 21, агентлаг, харьяа байгууллагын дэд дарга, орлогч дарга 24, нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын албаны албан хаагчид 384, нийт 429 орон тоог бууруулахаар тооцон, 2.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр
- Албан тушаалын суудлын автомашин ашиглаж буй нийт 131 албан тушаалтны автомашины хэрэглээг энэ оны 05 дугаар сараас зогсоосноор 266.7 сая төгрөг хэмнэхээр
- Нийслэл дүүргийн төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг шинэчлэн тогтоосон шийдвэр гараагүйтэй холбогдуулан нэмж тусгасан эхний хагас жилийн цалингийн зардал болох 13.8 тэрбум төгрөгийг нийт цалингийн зардлаас бууруулахаар төсөлд тусгажээ.
Мөн Нийслэлийн өмчийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, биеийн тамир, спортын байгууллагын байр ашиглалтын үйлчилгээний зардлыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн салбарын яамдаас санхүүжүүлэх өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор дээрх зардалд батлагдсан хэмжээг 28 тэрбум 934.5 сая төгрөгөөр бууруулан батлав.
Мөн нийслэлийн 2022 оны төсөвтэй хамт Хотын шуудын 2021 оны төсвийн гүйцэтгэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулан баталлаа.