Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд хотын 9 төрлийн, 38 нэр төрлийн стандартыг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулсан бөгөөд, тэрбээр “Иргэдийн амьдрах орчин, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд тавигдах шаардлагыг тодорхойлж, тэдгээрийг төлөвлөх, гүйцэтгэх, ашиглахад үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн эхний ээлжийн 9 бүлгийн 38 хотын стандартыг боловсрууллаа” гэдгийг тодотгосон юм.
Хотын стандартад нийгмийн дэд бүтэц, ногоон байгууламж, чанарын дэд бүтэц, худалдаа үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, хог хаягдлын менежмент, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, хот төлөвлөлт- хот байгуулалт, бие даасан инженерийн дэд бүтэц зэрэг багтжээ.
Тухайлбал, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн стандартыг баталснаар нийтийн эзэмшлийн 90 мянга гаруй гэрэлтүүлгээс ил гарсан цахилгааны утас, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийн эвдрэлээс шалтгаалан иргэдэд осол гэмтэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг үнэлж, байнгын хяналт, үнэлгээ хийж, засвар үйлчилгээг тогтмол явуулж байх юм. Мөн худалдаа, үйлчилгээний газрын гадна орчны стандартыг баталснаар 30.500 үйлчилгээний байгууллагын гадна орчин сайжрахыг тэрбээр хэлсэн юм.
Хотын стандартыг баталснаар ойрын хугацаанд буюу 1-2 жилд төсвийн зардлын хяналтын тогтолцоо сайжрах, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэх, өмч, хөрөнгийн ашиглалт хамгаалалт дээшлэх аж. Харин урт хугацаандаа үйлдвэрлэл өсөж, хотын нийт орлого нэмэгдэх, иргэдийн амьжиргаа сайжирна гэж үзэж байна.
Улмаар тогтоолын төслийг Төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнээр нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх 9 бүлгийн 38 стандартыг баталлаа.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан “…Одоо хэрэгжилтийг хангах нь чухал. Энэхүү баримт бичгийн тулгын 3 чулуу нь хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах юм. Бид цаашлаад нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх 90 гаруй стандартыг батална. Мөн бид давхардуулсан олон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаад удаагүй байна. Харин өнөөдөр баталж байгаа стандартаар дахин нэг тусгай зөвшөөрөл бий болгохвий гэж санаа зовох хэрэггүй. Харин аливаа үйл ажиллагааны зөвшөөрлийг хүнд сурталгүйгээр буюу хялбаршуулсан аргаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад өгч буй хэлбэр гэж ойлгож болно…” гэдгийг тайлбарласан юм. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжилж байна.