Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг өнөөдөр байгууллаа. Энэхүү стандартыг ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн дэмжлэгээр нэвтрүүлэх бөгөөд гэрээнд Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, тус сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар гарын үсэг зурсан юм.
Гэрээ байгуулахын өмнө ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар “Нийслэлийн ИТХ нь иргэдээс шууд сонгогдсон төлөөлөгчид буюу улстөрчдийг төрийн ажилтай холбож байдаг гол байгууллага юм. Тиймээс хурлын Ажлын албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж ажиллах нь ихээхэн ач холбогдолтой” гэлээ.
Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр үйл ажиллагааны байнгын сайжруулалтын ухамсар буюу байгууллагын соёлыг хөгжүүлж, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшилж, гүйцэтгэлийн удирдлага сайжрах үр нөлөөтэй аж.
Энэ үеэр Конрад-Аденауэрийн сангийн суурин төлөөлөгч Виктор Франк “Манай сангийн гол зорилго бол ардчиллыг бэхжүүлэх, төрийн болон нийгмийн байгууллагыг хөгжүүлэх, үйл ажиллагааг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх юм. Засаглалын хөгжил ямар байгаа нь төрийн үйлчилгээ иргэдэд хэрхэн ойр, хялбар хүрч байгаагаар хэмжигддэг. Тиймээс энэ чиглэлээр та бүхэнтэй хамтран ажиллах нь ардчиллыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмэр гэж харж байна” гэв. Харин Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаа, эрх үүрэг зохицуулагддаг. Бидний үндсэн үйл ажиллагааны хэлбэр хурал, хуралдаан боловч нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах, шашны болон цагаатгалын асуудлыг эрхлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг өргөн хүрээг хамарч ажилладаг. Олон улсын чанарын стандартын тогтолцоог Ажлын албаны үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө бид хичээн ажиллах болно” гэдгийг онцлов. Энэхүү стандартыг Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд зөвлөх байгууллагаар “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ ажиллах юм.