ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ивээл дор “Азийн хүүхдүүд” VII олон улсын спортын наадам энэ оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-нд ОХУ-ын Владивосток хотод болно.
Наадмыг ОХУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газар, ОХУ-ын Спортын яам, Гадаад хэргийн яам, ОХУ-ын Олимпын хороо, Приморскийн хязгаарын захиргааны дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм байна. Энэ удаагийн наадамд 26 орны 1650 баг тамирчин оролцохоос гадна ОХУ-ын холбооны тойрог, муж улс, Сахагийн Якутын багийн 14-16 хүртэлх насны өсвөр үеийн тамирчид 273 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус наадмын бамбарын аялал энэ сарын 26-нд Сахагийн Якутскийн Бүгд найрамдах улсаас гараагаа эхлүүлжээ.
Наадмын хөтөлбөрт спортын 19 төрөл багтсан бөгөөд бадминтон, сагсан бөмбөгийн 3х3, бокс, кураш, элсний волейбол, жүдо, хөнгөн атлетик, мас-рестлинг, ширээний теннис, усан сэлэлт, буудлага, чөлөөт бөх болон сонгомол бөх, самбо, байт харваа, таеквондо, бүжгийн спорт, футзал, хапсагай, уран гимнастик зэрэг төрлөөр тэмцээн өрнөх юм. Владивосток хотноо болох “Азийн хүүхдүүд” олон улсын VII спортын наадмын үеэр 26 орны сайн дурын ажилтан, оюутнууд ажиллах ба ОХУ-ын 32 мужаас нийт 1000 хүн ажиллах аж. Харин манай улсын баг тамирчид “Владивосток-2022” наадам эхэлсэн цагаас өнөөөг хүртэл тасралтгүй оролцож ирсэн бөгөөд энэ удаагийн наадамд 98 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид спортын долоон төрөлд өрсөлдөхөөр мэдүүлжээ.
Монголын баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулан, удирдан оролцоно. Түүнчлэн наадмын нээлтэд БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцохоор уригдсан байна. Тэрбээр наадмын үеэр ОХУ-ын Спортын сайд О.В.Матыцинтай уулзаж, Монгол-Оросын Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах чиглэлээр ярилцах, 2022-2023 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн байна. Наадамд оролцогчид Владивосток хотноо Номхон далайн эргийн дагуу байрлах “Океан” нэртэй бүх Оросын хүүхдийн спортын төвд байрлана.
Нээлтийн ажиллагааг ирэх сарын 28-нд “Фетисов арена” спортын ордонд хийх юм. “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадмыг орчин үеийн олимпын хөдөлгөөний 100 жилийн ойд зориулан 1996 онд Саха Якут улсад анх зохион байгуулсан. Зохион байгуулагчид 2020 онд зохион байгуулагдах байсан ч “Азийн хүүхдүүд” олон улсын VII спортын наадмыг коронавирусын улмаас хойшлуулсан юм. “Азийн хүүхдүүд” өвлийн анхдугаар наадам 2019 оны хоёрдугаар сард ОХУ-ын Сахалин хотноо зохион байгуулахад 20 гаруй орны оролцогчдыг хамруулсан юм.