Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын Дейтоны Их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Шаравжамцын Энхийн-Од болон Хүннү рок “Хү” хамтлагт Ерөнхий сайдын нэрэмжит шагналаа гардууллаа.
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гарган, сурталчлан таниулж, Монгол үндэстний үнэт зүйлийг бий болгож, Монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь оруулж байгаа Ш.Энхийн-Одын шагналыг аав, ээж нь гардаж авлаа.
Батламж гардуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй иргэн болон хамт олонд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг жил бүр, Төрийн далбааны өдрөөр олгохоор шийдвэрлэсэн. Энэ шагнал бол Монгол Улсыг дэлхийд сурталчлах дуу хоолой, монгол хүнээрээ омогшин бахархах үндэсний нэгдмэл үнэт зүйл, монголчуудын эв нэгдлийн баталгаа юм. Монголоос сагсан бөмбөгийн дэлхийн од төрөх болтугай, дэлхийд цуутай олон хамтлаг төрөх болтугай” гэлээ.
Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг жил бүр гардуулна.