Үндэсний их баяр наадмыг угтан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт хийсэн тохижилтын ажлууд хийгээд наадмын өдрүүдэд зам хаах хуваарь, нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Д.БАТБОЛД: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАДНА ТАЛЫГ ЗҮЛЭГЖҮҮЛЖ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЗАСАЖ ШИНЭЧИЛСЭН
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны дэд дарга Д.Батболд: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороонд 619 сая төгрөгийн төсөв баталж өгсөн.
Төсвийн хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагийн явган хүний зам, авто зам, ариун цэврийн байгууламж, асар, үзэгчдийн суудлыг засан шинэчлэх зэрэг тохижилт, засварын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Тухайлбал, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талын 6600 ам метр талбайг зүлэгжүүлж, явган хүний 4818 ам метр зам талбайг засан шинэчилсэн.
Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын авто замд сүүлийн 10-20 жил засвар, шинэчлэл хийгдээгүй байсан бол энэ жил 10.194 ам метр авто замд асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийлээ.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд 60 суултуур бүхий хоёр ариун цэврийн байгууламж шинээр барьсан.
Харин Хүй 7 худагт 46 ариун цэврийн байгууламж ажиллана. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэн болон түүний гадна талбайд нийт 70 гэрэлтүүлэг хийж, туг мандуулах шонг засаж, шинэчилсэн. Худалдаа, үйлчилгээний нийт 725 байгууламж ажиллахаас Төв цэнгэлдэх хүрээлэнд 390 асар, Хүй 7 худагт 335 гэр ажиллах юм. Наадамчид та бүхнээс хог хаягдлаа ил задгай хаялгүй, соёлтой наадахыг хүсье хэмээлээ.
Ц.НЯМЦЭВЭЭН: 12 БАЙРШИЛД 6540 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗОГСООЛ БЭЛДСЭН
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 12 байршилд 6540 тээврийн хэрэгслийн багтаамж бүхий зогсоол бэлдсэн. Тэдгээр 12 байршлаас зургаад нь наадмын зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл, үлдсэн зургаан байршилд наадмын зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүд зогсох боломжтой.
Зөвшөөрөл аваагүй иргэд тэдгээр зургаан байршил дахь зогсоолд машинаа тавиад Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худаг руу нийтийн тээврээр зорчиж болно. Зогсоол дээрх тэмдэг тэмдэглэгээ зэргийг хийж дуусан, наадамчин олноо хүлээж авахад бэлэн болоод байна” гэв.
БОГИНО ЭРГЭЛТИЙН АВТОБУСНУУД ҮНЭГҮЙ, ХҮЙ 7 ХУДАГИЙГ ЗОРИХ АВТОБУС 1500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар “Наадмын өдрүүдээр нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус, наадмын зургаан чиглэлд 56, нийт 741 тээврийн хэрэгсэл, 383 такси үйлчилгээнд явна.
“Мишээл экспо” төв-“Дүнжингарав” худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн, мөн Нарантуул зах-Вокзал-Төв цэнгэлдэх гэсэн маршрутаар гурван минутын зайтай 30 тээврийн хэрэгсэл, Давааны зөрлөгөөс Хүй 7 худагийн морь бариа хүртэл таван автобус үйлчилгээнд явж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Соёмботой хөшөө буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талын автобусны буудлаас Хүй 7 худаг руу 10 тээврийн хэрэгсэл 1500 төгрөгөөр үйлчилнэ.
Мөн долдугаар сарын 11, 12-нд морь барианаас нэг цагийн өмнө Вокзалаас галт тэрэг хөдөлж, Давааны зөрлөг хүртэл 2000 төгрөгөөр явна. Давааны зөрлөгөөс богино эргэлтийн таван тээврийн хэрэгсэл Хүй 7 худаг руу үнэгүй явах юм.
Долдугаар сарын 11-15-ны хооронд Хүй 7 худаг руу шөнийн тээвэр 18:00-03:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Таван шар-Хүй 7 худаг гэсэн чиглэлээр таван тээврийн хэрэгсэл 1500 төгрөгөөр явна” хэмээв.
Богино эргэлтийн автобуснууд үнэгүй, Хүй 7 худагийг зорих автобус 1500 төгрөгийн үнэтэй байх юм.
Наадмын өдрүүдэд замын ачаалал их байх тул иргэдийг нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг албаныхан уриаллаа. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт ариун цэврийн өрөө үнэгүй үйлчилнэ.