Наймдугаар сарын өрнийн зурхай

Хонь

Энэ сард санхүүгийн байдал тогтворгүйтэж болзошгүй. Та алдагдалд орсон ч, гэнэтийн ашиг олсон ч сарын ихэнх хугацааг байгаа зүйлдээ дасан зохицож өнгөрөөх нь. Хэт их зардал гаргахаас болгоомжил. Түүнийхээ оронд хадгаламжиндаа мөнгө нэмэрлэхийг зөвлөж байна. Найз нөхөд, хамтран ажиллагсадтайгаа зөрчилдөж, бухимдаж магадгүй. Та хэнд, юунд цаг заваа зарцуулахаа эргэцүүлэх цаг болжээ. Шинэ хоббитой болоход тохиромжтой сар айсуй. Хайр дурлалын амьдрал одтой байна. Гэнэтийн учрал тохиож магадгүй. Урсгалаа дагаад явахад буруудахгүй.

Үхэр

Танд өөрчлөлт шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ та үүнийгээ аль эртнээс өөрөө мэддэг юм байна. Энэ сард сэтгэл санаа тогтворгүйтэж, амархан эмзэглэх гээд байж магадгүй. Ойр дотны хүмүүсээ түших нь сэтгэлийн зовлонг анагаана. Ажил дээрээ зөвлөгч, удирдагчийн хувиар өөрийгөө батлан харуулах нэмэлт дарамт тулгарч магадгүй. Ханын цаасаа солих, удам угсаагаа гүн гүнзгий судлах зэрэг санаанд оромгүй зүйлсийг хийж тархиа амраагаарай. Та ганц бие ч бай, хостой ч бай энэ сард хамаг анхаарлаа өөртөө л хандуулах нь. Хайртай хүн тань хангалттай анхаарал халамж мэдрүүлж чадахгүй байгаа бол зөв хүнээ сонгосон эсэхээ эргэцүүлээрэй.

Ихэр

Энэ сар томоохон өөрчлөлтөөр эхэлнэ. Стресс түгшүүр ихтэй байсан ч үр бүтээлтэй сар таныг хүлээж байна. Өөртөө зориулан амттай хоол хийж, гар урлалд цаг зарцуулбал стресс багасна. Та энэ сард хайр дурлалын амьдралдаа анхаарал хандуулж чадахгүй, завгүй байх нь. Гэхдээ сарын дунд үеэс нөхцөл байдал хамаагүй дээрдэнэ. Санхүүгийн томоохон шийдвэр гаргаж магадгүй. Ингэхдээ сэтгэл хөдлөлөө дагалгүй ухаалгаар эргэцүүлэн бодоорой. Ажил хайгсад тохиромжтой ажил олно. Сарын сүүлээр ажил төрөл, үүрэг хариуцлагаас залхах мэдрэмж төрж магадгүй. Тэвчээртэй байваас удахгүй бүх зүйлийг хяналтдаа оруулж дөнгөнө.

Мэлхий

Энэ жил та карьертаа гайхалтай ахиц дэвшил гаргажээ. Энэ сард амжилтаа бататгах, ахиулахын тулд багагүй сорилттой тулгарна. Нийгмийн хүрээллээ тэлж, өмнө нь хий хоосон мөрөөдөл мэт байсан боломжийг хайж олсноор амжилтад хүрэх боломжтой. Өөрийнхөө төлөө гэж яваад хамгийн сайн найздаа хэт их ачаа үүрүүлсэн юм биш биз, анхаараарай. Хүүхдүүдийнхээ соёл боловсролд цаг гаргаарай. Хэрвээ та ганц бие бол энэ сард шинэ хүмүүстэй танилцана. Тэдний нэгтэй нь урт хугацааны гайхалтай холбоо тогтоож ч болзошгүй. Хэн нэгэн таны харцыг булаасан бол мэдрэмжээ илэрхийлээс бүү ич. Санхүүгийн томоохон шийдвэр гаргахдаа сайтар тунгаан бодоорой.

Арслан

Наймдугаар сар бол арслангуудын сар. Шинийг санаачлах, хүрээ хязгаараа тэлэх сар. Үүний зэрэгцээ хамгийн ойрын хүнтэйгээ харилцах харилцаандаа анхаараарай. Хамтрагчтайгаа сайтар ярилцаж, бүх хөзрөө дэлгэх нь бухимдлаас ангижрах сайн арга юм. Бухимдах бус ярилцлахыг сонго. Сарын эхэнд бие болоод сэтгэлийн эрүүл мэнд маш сайн байна. Гэртээ ч, ажил дээрээ ч амьдралыг таашаах боломжтой сар айсуй. Ажил хайгсад тохиромжтой ажлаа олно. Ажил эрхлэгсэд илүү дээр ажлын санал хүлээж авах магадлалтай. Ажил төрөл, ар гэрийн амьдралаа зохицуулах гээд нэлээд завгүй байна. Харилцааны ур чадвараа одоо л гаргах цаг.

Охин

Энэ сар бол аялах, суралцах, бясалгах сар. Төвлөрөх чадвар тань асар өндөр байгаа тул ажил дээрээ аливаа нарийн ширийн зүйл төлөвлөхөд тохиромжтой. Гадаад төрхөө өөрчилж, өөртөө санаа тавьж магадгүй. Энэ сард хайр дурлал гэхээсээ илүү ерөнхийдөө өөртөө цаг гаргах нь. Санхүүгийн байдал сайжрах хэдий ч болгоомжтой, бодолтой байхгүй бол нүд ирмэх зуур дансаа хоосолж мэдэхээр байна. Дараа сараас энэ нөхцөл байдал дээрдэнэ. Хүмүүстэй дотно ярилцаж, сэтгэлээ уудламаар санагдаж магадгүй. Гэхдээ хүн бүр сэтгэл санаагаа дэлгэхэд бэлэн биш байдгийг санаарай.

Жинлүүр

Хамаг юм давхардсан завгүй сар эхэлж байна. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, болзоонд явж чадахгүй байсаар сарын дундуур бухимдал дээд цэгтээ хүрч магадгүй. Заримдаа аливаа зүйлийг зөнд нь хаях нь илүү дээр байдаг гэдгийг санаарай. Гэхдээ эцсийн дүндээ өөрт тулгарсан саад бэрхшээлийг бүтээлчээр шийдэж чадна. Энэ сард ганц бие жинлүүрүүд сонголт арвинтай байна. Хүсэл тэмүүлэл дүүрэн байж, хааяа сахилгагүйтмээр санагдаж магадгүй. Санхүүгийн асуудал ихтэй байна. Зээл хөөцөлдөх шаардлага гарвал зорилгоо дахин нэг бодоод үзээрэй. Өөртөө өөрчлөлт хийснээр эрч хүч, урам зориг сэргэнэ. Хэтрүүлэхгүйн тулд ажил, амралтаа зохицуулаарай.

Хилэнц

Наймдугаар сар гэрлийн хурдаар бужигнаад өнгөрөх нь. Хамгийн ойр дотны хүндээ бухимдлаа илэрхийлэхгүйг хичээгээрэй. Гэр бүлийн харилцаандаа ахиц дэвшил гаргах цаг ирсэн байна. Хэрвээ та ганц бие бол хэн нэгэнтэй учрах гэж яараад хэрэггүй. Өөрийгөө хэн нэгний муу энергид хүлүүлэх вий, болгоомжтой байгаарай. Ажил хайгсдад сайхан боломж гарч ирнэ. Заавал шинэ юм хайлтгүй, хуучны холбоо харилцаагаа сэргээгээд, сэргэлэн байгаад үзвэл амжилт олно. Хүмүүс таны янзыг үзээд байгаа мэт санагдаж магадгүй. Тэд хувийн амьдралыг чинь шалгааж, асуултад бүдрэхийг чинь анаад байвал хариуг нь өгөхдөө хэт хатуурхаж хэрэггүй. Хэлэх үгээ хэл, гэхдээ эелдэг байдлаа бүү алд.

Нум

Тогтсон хэв маягаа өөрчилж, амьдралаа сэргээ. Энэ сард манлайлагчийн байр сууриа ахиулж, нэмэлт үүрэг хариуцлага хүлээнэ. Өдөр тутмын үйл явдлаас хэтрэхгүй, цагийн хуваарьт хэт уягдсан мэдрэмж төрж, бухимдаж магадгүй. Карьерийнхаа зорилгыг тодорхойлж, ирэх онд амжилтанд хүрэх төлөвлөгөөгөө боловсруулахад эртдэх зүйл үгүй. Ирээдүйн зорилго, ажлын хуваарь хоёр тань өөрчлөгдөж магадгүй. Өнгөрсөн жилүүдэд хайр дурлалын амьдрал тань ороо бусгаа байсан бол одоо хүсэл тэмүүлэлтэй, тогтвортой харилцаанд өөрийгөө зориулах цаг болжээ. Хайр дурлалын харилцаанд таны хандлага хамгийн чухал. Та хэчнээн өгөөмөр хүн ч гэлээ бусдад хэт их мөнгө зарцуулах цаг биш. Гарын салаагаар мөнгө урсгахаас болгоомжил.

Матар

Наймдугаар сар таны хувьд тун романтик агаад бүтээлч байна. Амьдралын хэмнэл хуучин янзандаа орж, эхлүүлэх гээд чадахгүй байсан зүйлээ эхлүүлэх боломжтой. Аялах, суралцах, оюун санааны ажилд анхаарлаа хандуулах цаг ирж байна. Юу ч хийсэн бай баяр баясгаланг бүү орхигдуулаарай. Ганц бие эсвэл хостой эсэхээс үл хамааран хайр дурлалын амьдрал одтой байна. Санхүүгийн байдал хүндхэн байна. Найзуудтайгаа оройн хоол идэх үү, мөнгөө хэмнэх үү гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй болох нь. Ажил амьдралынхаа тэнцвэрт байдлыг хадгалаарай. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог. Гэр орныхоо амьдралыг бүрэн дүүрэн байлгахын тулд үүрэг хариуцлагаа ухамсарла.

Хумх

Гэнэтийн үйл явдал арвин байна. Энэ сард таны хамгийн том сорилт бол өөртөө хэт их дарамт учруулахгүй байх явдал юм. Олон хүнийг хамарсан асуудлын өмнөөс ганцаараа хариуцлага хүлээх гэж дайраад хэрэггүй. Мөнгө санхүүгээ амьдралд ойр төлөвлө. Дэмий зүйлд мөнгө зарцуулалгүй өр зээлээ төлж, эрүүл мэнддээ зарцуулаарай. Гэр орондоо болон өөртөө цаг зарцуул.  Таны ардуур хүмүүс элдэв хэл ам хийж болзошгүй. Хэл ам улам дэвэргэхийн оронд инээгээд өнгөрөө. Таныг доош нь хийхийг хүссэн хүмүүс сайн сайханд тань атаархаж байж мэдэх юм. Хамгийн гол нь хэл ам таны өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлөхийг бүү зөвшөөр.

Загас

Та амьдралын аливаа шуурганд харьцангуй тайван байж чаддаг хүн юм. Гэхдээ энэ сард нэлээн оволзох нь. Өдөр тутмын хийдэг зүйлс тань өөрчлөгдсөнөөр бага зэрэг будилах ч баяр баясгалантай байна. Хамгийн чухал харилцаандаа анхаарлаа хандуулаарай. Санхүүгийн байдал сайн байгаа ч нэмэлтээр санхүүгээ өсгөх шаардлага гарна. Аз болоход нэмэлт санхүүгийн эх үүсвэр олох боломж гарч ирнэ. Ганц бие хүмүүс өөрийн хүрээллээс юм уу багийн гишүүд дундаас тохирсон хүнээ олж магадгүй. Хэрвээ та хостой бол илүү их цагийг хамтдаа өнгөрөөж, бие биенээ танин мэдэх цаг шүү.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …