М.Уранцэцэг “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртлээ

375c2092bac9d918originalЯпоны нийслэл Токио хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга”-ын тэмцээнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ, дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Алтан медалийн төлөө М.Уранцэцэг Японы тамирчин Ами Кондод ялагдсан. М.Уранцэцэг сугалаа ёсоор эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тайванийн тамирчин Вэй Тин Каог 2:06 минутад цэвэр ялсан. Зооны аваргын төлөө Украйны Марына Черньякийг 4:42 минутад цэвэр ялсан. Улмаар хагас шигшээ барилдаанд Японы Мири Тодаг 3:24 минутад ялж, алтан медалийн төлөө шалгараад байсан юм.

150 мянган ам.долларын шагналын сантай Токиогийн “Их дуулга”-ын тэмцээнд дэлхийн 46 орны эрэгтэй 187, эмэгтэй 149, нийт 336 жүдоч тус тус долоон жинд өрсөлдөж байна. Харин манай улсаас Токиогийн татамид сойхоор 11 тамирчнаа илгээсэн юм.

Өнөөдөр хуваарийн дагуу эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ийн жингийн барилдаанууд болсон.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд манай улсаас тамирчин оролцоогүй. Харин 57 кг-ийн жинд ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа өрсөлдсөн ч хоёрдугаар тойрогтоо ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд манай улсаас ОУХМ Дашдаваагийн Амартүвшин, Ганбатын Болдбаатар нар өрсөлдсөн. ОУХМ Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тайванийн Мин Ен Цайг ялсан. Зооны аваргын төлөө Японы Шинжи Кидог ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Гэсэн ч хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ким Вон Жинд ялагдсанаар тавдугаар байрт шалгарлаа. Харин Г.Болдбаатар эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Японы Юма Ошимаг ялсан. Улмаар зооны аваргын төлөө БНСУ-ын Ким Вон Жинд ялагдлаа. Манай хоёр бөхийг ялсан БНСУ-ын Ким Вон Жин мөнгөн медаль хүртсэн.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг хоёрдугаар тойрогт Францын Димитри Драгинд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

Тэмцээн маргааш, нөгөөдөр үргэлжилнэ.
Б.БИЛЭГ

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …