“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцыг энэ оны хагас жилийн байдлаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 48.9 хувьтай байна. Хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор удирдлага, зохион байгуулалтаас хамаарч удаашралтай байгаа зорилт, арга хэмжээг энэ оны жилийн эцсийн зорилтот түвшинд хүргэх, санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалан удаашралтай байгаа зорилт, арга хэмжээг улсын төсвөөс гадна гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах замаар хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг судалж, шийдвэрлэхийг даалгалаа. Мөн УИХ-д 2022 онд өргөн мэдүүлэхээр заасан хууль тогтоомжийн төслүүдийг энэ онд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон юм.
“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” нь манай улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй 100 хувь уялджээ. Уг төлөвлөгөө 6 бүлэг, 23 зорилго бүхий 300 төсөл, арга хэмжээтэй батлагдсан бөгөөд энэ оны эхний хагас жилийн байдлаар биелэлт 47.6 хувьтай байна. Төсөл, арга хэмжээний биелэлтийн тайланд тухайн жилийн ажлын гүйцэтгэлд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шалгуур үзүүлэлтийг хангасан байдал, гаргасан үр дүнг тодорхой тусган бүрэн тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт даалгалаа.
Товч мэдээ:
- “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
- “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн эхний үе шатны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхланд баримт бичгийн 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг эрчимжүүлэн сайжруулахад урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа, нэгдсэн арга зүй, удирдамжаар ханган ажиллахад анхаарч, хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулахыг даалгалаа.