Дэлхийн шатрын спортын 44 дүгээр олимпиад Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулагдаж, дэлхийн 197 орны баг тамирчдын өрсөлдөөнөөс 17 настай Б. Мөнгөнзул аваргын алтан медалийг эх орондоо авчирч, багын дүнгээр манай шатарчид дэлхийн шилдэг 30 багийн нэгт багтсан амжилттайгаар эх орондоо ирээд байгаа билээ.
Өнөөдөр эдгээр тамирчдыг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын даргын хувьд Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг.
Тэрбээр дэлхийн оюуны их наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, оюуны спортоор Монголчууд дэлхийд үнэлэгдэж байгааг нотлон харуулсан баг тамирчдад онцгойлон баяр хүргээд цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад 197 орны шилдэг 343 баг оролцсоноос Монгол улсын баг дэлхийн шилдэг 30 багийн нэгээр нэрлэгдэж, эмэгтэй баг 162 орны эмэгтэй багаас 15 дугаар байр, эрэгтэй баг 187 орны 188 багаас 35 дугаар байр эзэлсэн бол хувийн дүнгээр дөрөвдүгээр ширээнд суусан Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон билээ.
17 насандаа дэлхийн шатрын олимпиадын аварга болоод байгаа Б.Мөнгөнзул нь Эрдэнэт хотын 14 дүгээр сургуулийн сурагч. Цэцэрлэгт байхдаа шатар тоглож сурч, найман настайгаасаа эхлэн дугуйланд хичээллэж иржээ. Тэрээр цаашид оюуны спортоороо үргэлжлүүлэн суралцаж, тив дэлхийд Монгол улсынхаа нэрийг мандуулах хүсэл мөрөөдөлтэй гэж байлаа.
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурвансайхан хэлэхдээ “Энэ удаагийн 44 дүгээр олимпиад шатраар багийн спорт амжилттай хөгжих боломжтой гэдгийг харуулсан.
Тиймээс цаашид өсвөрийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцож, ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэхэд төр засгийн зүгээс анхаарч өгөөч” гэдэг санал хүсэлттэй байгаагаа хэлж байлаа
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн аварга Б. Мөнгөнзултай нэг өрөг шатар нүүлээ.
Шигшээ багын дасгалжуулагч УИХ-ын даргыг сайн тоглогч төдийгүй хүчтэй өрсөлдөгч байлаа гэж дүгнэж байсан юм.