Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-ны Удирдах зөвлөл энэ сарын 17-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Удирдах зөвлөлийн хурлаар холбооны 2022 оны ажлын Ерөнхий төлөвлөгөөг баталсан ба FIBA-ийн 3 сургалт, МСБХ-ны 60 жилийн ойн баяр тэмдэглэхээр шийдвэрлэсэн аж.
Мөн шинэчилсэн логоны загвар гаргах уралдааныг өнгөрсөн 6-р сард зарлаж, ирсэн нийт 40 орчим саналаас оролцогч Б.Төрмөнхийн бүтээлийг сонгон шалгаруулахаар тогтжээ.
Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжлийн түүхэнд онцлох үйл явдал тохиож, анх удаа FIBA-ийн албан ёсны тэмцээнд эмэгтэй шигшээ баг оролцохоор болсон байна.
Тодруулбал, Монгол Улсын өсвөрийн эмэгтэй шигшээ баг 9-р сарын 5-11-ны өдрүүдэд БНЭУ-ын Банголор хотноо зохион байгуулагдах FIBA U18 эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, “В” ангилалд өрсөлдөх юм.
Тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүн, бэлтгэл ажлын төлөвлөгөө, холбогдох төсвийг хэлэлцэн баталжээ. Энэхүү тэмцээнд оролцох өсвөрийн эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Г.Ундрах, дасгалжуулагчаар Б.Дэлэг, Б.Алтанзаяа нар томилогдон ажиллахаар боллоо.
Тодорхой нөхцөл байдлаас улбаалан Монгол улсад зохион байгуулагдах FIBA эрэгтэйчүүдийн 2025 оны Ази тивийн аваргын урьдчилсан шатанд орох эрхийн төлөөх тэмцээн 11-р сар хүртэл хойшилсон.
Гадаадад тоглож буй Монгол тоглогчдын лигүүд эхэлж, шигшээ багийн тэмцээнтэй давхцаж байгаа учир ийнхүү шигшээ багийн бүрэлдэхүүнийг шинэчлэхээр шийдвэрлэжээ.
Үүнтэй уялдуулан, дасгалжуулагчдын саналыг үндэслэн нийт 31 тоглогчийг Монгол улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд урихаар тогтжээ. Шигшээ баг 9-р сарын 5-ны өдрөөс бэлтгэлдээ гарч, 10-р сард БНСУ-ыг зорин тус улсын багуудтай хамтарсан бэлтгэл хийхээр болсон байна.
Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Ч.Ижилболд, дасгалжуулагчаар Ч.Чинзоригт, А.Алтан-Очир, Ц.Азбаяр нар багтсан бүрэлдэхүүн ажиллаж байгаа билээ.
2022-2023 оны Үндэсний Дээд Лигийг эрэгтэй, эмэгтэй ангиллаар 12-р сарын 1-ний өдрөөс 4-р сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Үндэсний Дээд Лигийн эрэгтэй багуудын нийт шагналын сан нь 1 тэрбум төгрөг, эмэгтэй багуудын хувьд 200 сая төгрөг байхаар тогтжээ.
Эрэгтэй лигт нийт 10 баг оролцуулах бөгөөд түрүүлсэн баг 500 сая төгрөг, удаалсан баг 250 сая төгрөг, хагас шигшээд шалгарсан хоёр баг тус бүр 75 сая төгрөг, хасагдах шатны 8 багт шалгарсан дөрвөн багт тус бүр 25 сая төгрөгийн шагнал олгохоор шийдвэрлэжээ.
Эмэгтэй лигийн хувьд нийт 6 багтай зохион байгуулагдах бөгөөд түрүүлсэн баг 100 сая төгрөг, удаалсан баг 50 сая төгрөг, хагас шигшээд шалгарсан хоёр баг тус бүр 25 сая төгрөгийн шагналтай байхаар тусгасан байна.
Үндэсний Дээд Лигийг зохион байгуулах ажлын хэсгийг МУГТ Т.Түвшинбаяр ахлах бол Удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнхсайхан, Р.Цэвэгмэд, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал, шигшээ багийн дарга М.Отгонбаяр нар бүрэлдэхүүнд нь багтан ажиллахаар болжээ.
Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)