Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулга хийлээ.
Энэ оны тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхэлсэн энэхүү арга хэмжээнд 272 мянган иргэн хамрагджээ.
Давхардсан тоогоор өвчлөлийн 136 мянган тохиолдол бүртгэгдсэнээс дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, зүрх судас, шээс бэлгийн зам, амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн 89 хувийг эзэлж байна.
Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс хортой болон хоргүй хавдрын 844 сэжигтэй тохиолдол илэрчээ.
272.4 мянган иргэний 170 мянга гаруй нь 0-17 насны хүүхэд бөгөөд хүүхдүүдийн дунд амны хөндийн эмгэг, шүд цоорох, шүдний гаж хөгжил хамгийн өндөр байгаа тул тандалт судалгаа болон өвчлөлийг бууруулах төлөвлөлтийн ажлууд давхар хийгдэж байна.
Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн сайд уриаллаа.