Монгол Улс хуруу дарам тооны цементний үйлдвэртэй. Тэдний хамгийн том нь болох “Хөтөл” үйлдвэр жилд 600 гаруй тонн цемент боловсруулдаг. Сүүлийн үед төр цементний салбарыг хөгжүүлэх талаар нэлээд ярьж байгаа. Гэвч Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт жилд нэг сая тонн цемент боловсруулах үйлдвэр босгохоор хятадууд зэхэж байгаа аж. Тус аймгийн Салхитын хөндий хэмээх газар Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, тус улсын төрийн өмчит компанийн Цементийн үйлдвэр сууриа тавиад эхэлжээ. Үүнийг Цемент үйлдвэрлэгчдийн холбоо болон энэ салбарын бизнес эрхлэгчид эсэргүүцэж байгаа юм. Учир нь энэ оноос дотоодын хэд хэдэн цементийн үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх эрхийг үндэсний компаниуд аваад байгаа. Дотоодын цементийн зах зээлийг дэмжих төрийн бодлоготой зэрэгцэн урд хөршийн үйлдвэр босож буйг цемент үйлдвэрлэгчид эрх баригчдыг уялдаа холбоогүй шийдвэр гаргалаа гэж үзэж байна.
“ЛЯНЬ ХӨ” КОМПАНИЙН АЖИЛЧИД ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВЖЭЭ
Салхитын хөндийд барьж буй цементийн үйлдвэр Хятадын төрийн өмчит “Лянь хө” компанийнх. Энэ үйлдвэрт өнгөрсөн сард 70 гаруй хятад иргэн ажиллаж байгаад нутаг буцсан байна. Тэднийг өнгөрсөн сарын 23-ны шөнө хар теньтэй микро автобус ирж авч явсныг нутгийн иргэд хэллээ. Хятад ажилчид хөдөлмөр эрхлэх эрхгүй жуулчны визээр Монголд ажиллаж байсан учраас шөнөөр ачиж явсан гэж Цемент үйлдвэрлэгчдийн холбооныхон үзэж байгаа юм. Харин “Лянь хө” компанийн удирдлагууд монгол ажилчдыг “Арав хоног ажилласан цалинг чинь өгөхгүй. Удахгүй үйлдвэрийн ажил дахин үргэлжлэх болохоор нэг мөр сар ажиллуулж цалин олгоно” гээд тэднийг тараасан аж. Тус компани Салхитын хөндийн нөөцийг түшиглэн цементийн үйлдвэр барихаар таван жил болж байгаа аж. Удаж буй шалтгааныг “Ажлын явцад удирдаж байгаа болон төсөл хэрэгжүүлэгч компанийн дотоод бүтцэд өөрчлөлт орсноор ажил зогссон” гэж уг үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн ажилчид хэлжээ.
ЦЕМЕНТИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН БОДЛОГО
Цементийг стратегийн ордод хамруулах шаардлагатайг энэ салбарынхан хэлж байгаа. Барилгын салбар төдийгүй дэд бүтцэд гол үүрэг гүйцэтгэдэг энэ бүтээгдэхүүний зах зээл Монголд хөгжихгүй байгааг тэд онцолсон. “Монголын цементийн салбарт Хятад улс гол байр эзлэж байна. Хэдий тус улсын бүтээгдэхүүний үнэ хямдхан ч чанаргүй байдаг. Цементийн стандартад 3-4 сар хадгална. Үүнээс хэтэрвэл чанарт өөрчлөлт гарна гэж заасан байдаг. Гэтэл урдаас орж ирж байгаа цемент 6-8 сарын дараа манай зах зээлд гардаг. Барилгын ажилд чанаргүй бүтээгдэхүүн байгаа нь хамгийн эрсдэлтэй зүйл. Тиймээс цементийн нөөцтэй манайх шиг улсад энэ салбарыг дэмжих төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна” хэмээн Барилгын үйлдвэрчдийн холбооны дарга Б.Батцогт хэллээ. Дэлхийн орнууд жилд 3.4 тэрбум тонн цемент үйлдвэрлэж байгаа аж. Үүний тал хувийг нь урд хөрш үйлдвэрлэж, Хойд Солонгос, Энэтхэг улс 52-210 сая тонныг зах зээлд нийлүүлж байна. Харин манай улс ирэх оноос дотоодын цементийн үйлдвэрлэлийг 4-5 сая тоннд хүргэхээр төлөвлөж, томоохон төслүүдийг эхлүүлэхэд бэлэн болжээ. Барилгын холбооноос судалснаар Монгол Улсын цементийн хэрэглээний 90 хувийг Хятад улс хангаж байгаа аж.
эх сурвалж: чухал.мн