Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж, Японы Токио хотын Шинжүкү Бунко төвд “Монголын балетын хөгжил сан” болон “Интернейшнл балет академи” хамтран энэ сарын 25-нд сонгодог урлагийн гайхамшигт тоглолтыг зохион байгууллаа.
Тоглолтод Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, балетчин Д.Алтанхуяг, УДБЭТ-ын гоцлооч, МУСТА Ө.Мөнхжин, О.Даваадорж нар урилгаар оролцож, Японы “Интернейшнл балет академи”-ийн бүжигчидтэй хамтран А.Аданы “Жизель”, Ж.Чулууны “Уран хас” балетын хэсгээс Японы үзэгчдэд толилууллаа.
“Монголын балетын хөгжил сан” нь Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40, 45 жилийн ойн хүрээнд “Комаки балет Монголд” (2013 он), “Галт Шувуу” балет (2017 он) , “Цөмөөхэй балет Японд” (2018 он) зэрэг тоглолтуудыг зохион байгуулж байсан билээ.