Фантастик продакшны шинэ уран бүтээл болох “ЗУРА 2: Цурам ажиллагаа” уран сайхны кино энэ баасан гарагт нээлтээ хийх гэж байна.
Энэхүү кино нь 2020 онд үзэгчдийн хүртээл болсон “Зура” киноны үйл явдалтай холбоогүй бөгөөд цоо шинэ үйл явдлын талаар өгүүлэх юм.
“ЗУРА 2: Цурам ажиллагаа” уран сайхны кинонд гарч буй үйл явдлууд бүгд зохиомол бөгөөд өнгөрсөн түүхээс сэдэвлээгүй.
Фантастик продакшны энэ удаагийн бүтээл нэлээд өргөн хүрээг хамарч өндөр өртөгтэйгөөр бүтсэн төдийгүй өмнөх кинонууд болох “Зүрхний хилэн”, “Байтаг богд”, “Маш нууц” зэргээс бүтээлийн хийц, зураг авалт, чанар чансааны хувьд илүү сайжирсан болохыг уран бүтээлчид онцоллоо.
Уг киноны зураг авалт нийт 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 52 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд Монгол, БНСУ, Тайланд гэсэн гурван улсад зураг авалтаа хийжээ.
Мөн Сингапур, Малайз, Хонг Конг, Казахстан зэрэг гадаадын туршлагатай уран бүтээлчдийг урьж тоглуулсан байна.
Фантастик продакшны уран бүтээлчид Монголын хамгийн анхны олон улсын түвшинд нийцсэн кино хийхийг зорьсон талаараа хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа.
Тухайлбал, чанарын өндөр шаардлага хангасан “ARRI” техникийг ашиглан зураг авалтаа хийсэн бөгөөд пост продакшны ажлаа гадаадын уран бүтээлчидтэй хамтран туршлага солилцжээ. Цаашлаад HBO, Netflix зэрэг гадаадын томоохон компаниудтай хамтран ажиллахаар эхний яриа хэлэлцээрээ хийж, хариугаа хүлээж буй тухайгаа мэдэгдлээ.
Фантастик продакшны найруулагч Б.Тамир “ЗУРА 2: Цурам ажиллагаа” уран сайхны киноны зохиолыг Б.Саруулбуянтай хамтран бичжээ.
Дүр сонголтын тухайд шинэхэн гавьяат Ш.Доржсүрэн, Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба, гэр бүлийн жүжигчид болох Г.Баярхүү, Х.Отгонтунгалаг нарыг урьж тоглуулсан байна.
Мөн 2020 онд үзэгчдийн хүртээл болсон “Зура” кинонд тоглосон гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ болон Фантастик продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Б.Ганчулуун нар оролцон тогложээ.