“Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр аравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Жүжгийн гол дүрийг тайз, дэлгэцийн жүжигчин , Соёлын тэргүүний ажилтан О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж бүтээж буй гэдгээрээ онцлогтой. Ийнхүү тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирж байна.
“Опал” жүжгийн гол дүр Опалын дүрийг бүтээж байгаа Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Энхтуултай цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө танд 15 жилийн дараа театрын тайзнаа шинэ уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах гэж байгаад баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Би Германд байхдаа өөрөө нэг хүний жүжиг хийгээд театрын тайзан дээр гарч байсан. Энэ удаад мэргэжлийн жүжигчид, баг хамт олонтойгоо хамтран тайзан дээр жүжиглэх үнэхээр сайхан байна.
Мэдээж багахан хэмжээний айдас бол байна. Хүн хэчнээн чаддаг юмаа хийж байгаа ч гэсэн айдас үргэлж дагалдаж байдаг шүү дээ.
Харин сэтгэл зүйн бэлтгэл бол бүрэн хангагдсан. Нэгэнт л хийхээр зориглосон учраас шийдвэртээ үнэнч байж, өөртөө байгаа авьяас чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллах болно.
–Жүжигт тоглох саналыг анх хэзээ хүлээж авсан бэ?
-Нэг жилийн өмнө М.Батболд найруулагч надад энэхүү жүжгийн гол дүрд тоглох саналыг тавьсан. Зохиолыг нэг уншиж үзээд л таалагдсан учраас шууд зөвшөөрсөн. Тэгээд ч Опалын дүр надтай их төстэй, ойр санагдсан.
-Жүжгийн бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Жүжгийн бэлтгэл яг эд дундаа ороод явж байна. Жүжиг тоглогдох хугацаа нэлээд дөхөж байгаа учир жүжигчид өглөөнөөс орой хүртэл бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Бүхий л өдрийг тайзан дээр өнгөрөөж байгаа гэх үү дээ.
Хамгийн гол нь үзэгчдийнхээ нүд болоод сэтгэлийг баясгаж чадах тийм жүжиг хийхийг хичээж байна.
-Таны бүтээж буй дүр болох Опалд дурлах ганцхан шалтгааныг хэлээч гэвэл?
-Опал гэдэг нь нэг төрлийн чулууны нэр юм. Монголоор бол сарны гэрэлт чулуу. Энэхүү чулуу нь хайрыг билэгддэг төдийгүй харсан хүн бүхэн өөрийн эрхгүй татагддаг.
Учир нь Опал өөрөөсөө хайрын энергийг ялгаруулдаг. Яг л энэ чулуу шиг миний дүр үзэгчдийг соронз мэт өөртөө татаж чадна гэдэгт итгэлтэй байна.
Үзэгчдтэйгээ уулзах нээлтийн өдрийг тоглолтыг тэсэн ядан хүлээж байна.
-Жүжгийн зохиолын тухайд?
Энэ жүжгийн үзэгчдэд хүргэх гэсэн гол санаа нь ерөөсөө л хайр. Гэр бүл, найз нөхөд, амраг хосын гээд бүх төрлийн хайрын талаар өгүүлдэг.
Зарим хүмүүс ганцаараа биш байгаа хэрнээ л ганцаардсаар байдаг. Хэн нэгэн хажууд чинь байсан ч хий хоосон юм шиг мэдрэмж төрөх үе байдаг шүү дээ. Тэгвэл яагаад бид бие биенээ хайрлаж, халуун сэтгэлээр тэвэрч болохгүй гэж? Энэ орчлон дээр муу хүн гэж огт байдаггүй. Гагцхүү тэр муу гэж боддог хүнийхээ сайн талуудыг нь л олж хараагүй байж болох юм. Тиймээс амьдралд тохиох мөч бүрийг аль болох аз жаргалтай, гэгээлгээр харуулахыг зорьсон.
Гэхдээ жүжгийн үйл явдлууд санаанд оромгүй гэнэтийн эргэлтүүдээр дүүрэн байхаас гадна найруулагчийн сонирхолтой шийдлүүд ч бий.
Харин үүнийг одоохондоо нууц хэвээр нь үлдээе.
–Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.