Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын морьт харваачдын холбоо хамтран Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 10,11-ний өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах юм.
Энэ жилийн наадамд найман орны 30 гаруй тамирчид оролцохоор Улаанбаатарт ирээд байна.
Цар тахлын жилүүдэд цахимаар зохион байгуулагдсан бол 2019 онд Монголд өргөн дэлгэр болсон юм байна. Тухайн тэмцээнд 17 орны 41 тамирчин оролцож байжээ. Морьт харваа бол Монголын эртний түүхтэй нягт холбоотой наадам гэдгийг Хэвлэлийн хурлын эхэнд онцолж байлаа.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг:
-Монгол Улсыг олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татсан арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Хийморь” морьт харвааны наадмыг 2018 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Хийморь” наадамд оролцох олон улсын тамирчид ирээд байна. Наадмын үеэр морьт харваанаас гадна шагайн харваа, шонхор шувуу, морин циркийн үзүүлбэр, үндэсний урлагийн үзүүлбэр үзүүлэх юм. Цаашид морьт харвааны төвийг Монгол Улсад байгуулах зорилготой ажиллаж байна гэсэн юм.
Монголын морьт харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхболд “Энэ жилийн наадам дэлхий нийтээрээ цар тахлыг даван туулсан сайхан үед болж байгаагаараа онцлог юм. Энэхүү тэмцээн бол түүхэн үйл явдлыг сэргээсэн, түүхийн олдворуудаас санаа авсан бүтээлч наадам гэдгийг тодотгоё. Ирэх онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулахаар болсныг ташрамд дуулгая. Тэрхүү тэмцээнд дэлхийн 34 орны тамирчид оролцохоо илэрхийлээд байгаа. Морьт харвааны тэмцээнийг та бүхэн маань очиж үзээрэй гэж хүсье” гэлээ.
УНАГАН БАЙГАЛЬТАЙ МОНГОЛД ХАЙРТАЙ
Өмнөд Африкаас хүрэлцэн ирсэн шүүгч Амели Рашке /Amelia Raschke/ “Дэлхийн хөгжингүй орнуудад байгалийн унаган төрхийг ихэд алдагдуулсан байдаг. Гэтэл Монгол бол унаган байгалиа хайрлан хамгаалж буй орнуудын нэг. Тиймээс би Монголд хайртай. Энэ жилийн хувьд “Хийморь” наадамд 30 гаруй тамирчид оролцож байгаа ч ирэх жилүүдэд тамирчдын тоо улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Амели Рашке нь морьт харваачдын зургаан удаагийн тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай нэгэн юм. Мөн 2019 оны “Хийморь” морьт харваанд уригдан ирж ерөнхий шүүгчээр ажиллаж байжээ.
ОХУ-ЫН ТАМИРЧИД ХИЧЭЭН ОРОЛЦОХ БОЛНО
ОХУ-ын Морьт харвааны холбооны тэргүүн, Кремлийн морин сургуулийн төлөөлөгч Сергей Одиноков:
-Монголд хүрэлцэн ирээд Монголын ард түмэн, морьт харвааны нэн эртний түүхтэй танилцахад таатай байна. Улаанбаатар төмөр замын вокзалд буухаас монголчууд биднийг халуун дулаан хүлээн авч байгаад баяртай байна. Монголын тамирчид бол маш хүчтэй өрсөлдөгчид. ОХУ-ын тамирчид маань дутахгүй өрсөлдөнө гэж итгэж байна. Энэ жил манай улсаас таван тамирчин ирсэн. Бидний дунд 2019 онд “Хийморь” тэмцээнд амжилттай оролцсон Ярославль хотын тамирчин Любовь Морока, Ольга Жигулина, Халимаг улсаас Хонгор Уладаев, Волгоград хотын морин спортын мастер тамирчин Сергей Коновалов нарын тамирчид хүрэлцэн ирээд байна.
МОНГОЛ АДУУТАЙ ТӨСТЭЙ МУСТАНГИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА
АНУ-ын багийн дасгалжуулагч, Шинэ Мексикийн соёлын элч Кристин Жемма ДиФернандо /Cristin Gemma DiFernando/:
-Би нийт америкчуудыг төлөөлөн ирсний сацуу АНУ-ын уугуул иргэдийн төлөөлөл болж ирсэндээ маш их баяртай байна. Монголд ирээд хоёр сар гаруй болж байна. Саяхан би морьт өртөөгөөр 1000 гаруй км аялаад ирсэн. Монголд ирээд гэр бүл, анд нөхдийн нөхөрлөл, ахан дүүс ямар байдгийг мэдэрлээ. Би эндээс явмааргүй санагдаж байна. Америкийн уугуул иргэд морь сургаж, морьдтой ойрхон байдаг ч морьт харвааг сонирхоод жил гаруйн хугацаа өнгөрч байна. Монголд ирээд өртөөчлөн аялахдаа 60 гаруй морь сэлгэж унасан байна. Монгол нутагт тал дүүрэн адуу бэлчиж байгааг харахад үнэхээр гайхалтай байлаа. Монгол морьд бол зэрлэг адуу мустангтай ерөнхийдөө төстэй санагдсан. Шинэ Мексикийн хойд хэсэгт мустанг зэрлэг адуу олон бий. Бэлчээр доройтуулах эрсдэлтэй гэж үзэн Америкийн Засгийн газраас мустангийн тоо толгойг барих бодлого барьж байдаг. Тиймээс би буцаж очоод зэрлэг адууг хамгаалах талаар санаачилга гарган ажиллана” гэсэн юм.
“Хийморь-2022” олон улсын морьт харвааны наадам нь олон улсын морьт харвааны холбоо /lHAA/-ны “Gran Prix” тэмцээний дүрмээр Унгар, Турк харваа болон Монголын морьт харваачдын холбоо /MHAA/-ны “Gran Prix” тэмцээний дүрэм болох таван байны төрөл, Монгол бөмбөг намнаа, багийн тэмцээн гэсэн төрлөөр явагдах юм байна. Наадамд Монголын морьт харвааны холбоо, клубын тамирчид болон ОХУ, Өмнөд Африк, Япон, АНУ, Малайз, Израйл улсын харваачид оролцож, Өмнөд Африкийн болон Монголын морьт харвааны холбооны шүүгчид тэмцээнийг шүүх юм. Мөн наадмын үеэр урлагийн тоглолт, морин циркийн үзүүлбэр, шагайн харвааны үзүүлэх тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, үндэсний үйлдвэрлэл, гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг 2023 онд дэлхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болгон өргөжүүлэхээр төлөвлөжээ.