Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Тус хорооны эхний хурал өчигдөр боллоо.
Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.
Тэрбээр, “2023 оны улсын төсвийн төслийг боловсруулах ажил эхэлж байна.
Улаанбаатар хотын төвлөрөл, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах агуулгыг төсвийн төсөлд тусгах ёстой. Тухайлбал, орон нутагт шилжин очсон иргэдэд цалингийн нэмэгдэл олгох, тухайлсан санхүүгийн дэмжлэгийн аргыг хэрэглэж болно.
Автозамын түгжрэл бууруулах ажлын төлөвлөгөөг гаргахдаа олон нийтэд сонгох хувилбар өгөхгүйгээр эрхийг нь хязгаарлаж болохгүй.
Лондон, Сингапур зэрэг хотын тэргүүн туршлагыг судалж манай улсад тохирохыг нэвтрүүлэх шаардлагатай” гэв.
Ерөнхий сайд дараагийн Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотын автозамын түгжрэл бууруулах урьдчилсан төлөвлөгөөг танилцуулахыг үүрэг болголоо.
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны хурлаар ажиллах чиглэл, төлөвлөгөөгөө хэлэлцэв. “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” гэсэн үзэл баримтлал гаргажээ.
Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулна гэдэг нь ганц, хоёр шийдвэрээр шийдэгдэхгүй. Бодлогын цогц ажил хийх ёстой. Хууль эрх зүйн орчны ч асуудал их байна. Үүнийг шийдэхийн тулд Үндэсний хороо ажиллана. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээ авахдаа олон нийтийн эрхийг хасах биш үүрэг хариуцлагад суурилсан бодлогын арга хэмжээ авна” гэлээ.