“Гавьяат” цолтон ахмадууд сар бүр улсын төсвөөс 150.000-300.000 төгрөгийн нэмэгдэл авдаг

Төр хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, байж болох бүхий л зардлаа танаж, татвар төлөгчдийн мөнгийг аль болох үр дүнтэй зүйлд зарцуулахыг эрмэлзэж байгаа энэ цаг үед хэлэмгүй өнгөрч боломгүй нэг “зүйл” байна. Энэ бол ахмад настай гавьяатнуудад сар бүр төрөөс олгодог нэмэгдлийн тухай асуудал юм.

Мэдээж энэ нь бид “залуу нас, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө улс эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө” зүтгэсэн ахмад настнуудынхаа гавьяа зүтгэлийг үл ойшоосон, хүндэтгэлгүй хандсан хэрэг биш бөгөөд гагцхүү гол асуудал нь тэдний хэдэн хувьд нь сар бүрийн 150.000 төгрөг амин чухал хэрэгцээтэй болдог эсэхийг нягталж, амьжиргааны түвшин, авдаг тэтгэврийн хэмжээтэй нь уялдуулан олговол ямар вэ гэдэг санал юм.

2017 онд батлагдсан Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэсэн байдаг.

Мөн хуулийн 4.1-д  “60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйг ахмад настанд тооцно” гэсэн байдаг бол 5.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд сар бүр мөнгөн тусламжийг олгоно” гэжээ.

Мөнгөн тусламжийн хэмжээ нь ямар алдар цолноос хамаарч сар бүр 150-300 мянган төгрөг байдаг аж. Эндээс Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын цолтныг цөөн хүнд олгодог гэдгээр нь хасаж тооцоход Гавьяат цолтнуудын тухайд дээр дурдсанчлан амьжиргааны байдал, өндөр настны тэтгэврийн хэмжээг нь харгалзан үзэж мөнгөн тусламжийг ялгавартайгаар олгох нь зөв болов уу.

Ганцхан жишээг дурдахад ХХААХҮЯ сар бүр салбарынхаа 506 ахмад настан алдар цолтнуудад 150.000 мянган төгрөг буюу сардаа 75.9 сая төгрөг, жилдээ 910.8 сая төгрөг зарцуулдаг байна. Нэг яамаар жишээлэхэд ийм хэмжээний зардлыг алдартнуудын мөнгөн шагналд гаргадаг бол нийт 15 яамаар бодож тооцоход 13 орчим тэрбум төгрөгийг сар бүр алдар цолтон ахмадуудад хуваан олгохоор байгаа юм.

Хэрэв дээр дурдсанчлан ахмад гавьяатнуудын амьжиргааны нөхцөл байдалтай нь уялдуулан мөнгөн шагналыг олгохгүй, энэ хуулийн дагуу энэ хэвээр үргэлжилнэ гэвэл цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Гавьяат цол олгохдоо улсын төсөвт үзүүлэх бодит ачаалал, сангийн яамны тооцооллыг харгалзан үзэж, төрийн хэмнэлтийн горимтой уялдуулан тодорхой тоонд багтааж төрийн одон шагналаа олгох шаардлагатай болж байна.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …